Нийгэм : » Нийгмийн даатгалынхантай холбоотой хэргийг өргөжүүлэн шалгаж байна
-Цагдаагийн байгууллага нийгмийн даатгалынхан нас барагсдын нэрээр тэтгэврийн зээл олгосон эсэх хэрэгтэй хамт нийгмийн даатгалын мөнгийг БНСУ-ын банкуудад хадгалж байгаа эсэх асуудлыг шалгаж байгааг холбогдох албан тушаалтан хэллээ. Тиймээс өнгөрсөн оны 11 дүгээр сараас шалгаж эхэлсэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд удаж байгааг ч нуухгүй байна-
Нийгмийн даатгалын сан, түүний зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй холбоотой сайн, муу мэдээллүүд өнгөрсөн хугацаанд хэвлэлээр багагүй цацагдсан. Нийгмийн даатгалын санд өнөөдөр 500 тэрбум орчим төгрөг хуримтлагдсан байгаагийн 50 орчим хувь нь Капитал банкинд хадгалагддаг гэх мэдээлэл бий.
Олон улсын жишгээр бол иргэдийн ирээдүйн тэтгэврийн хуримтлалыг эрсдэлээс хамгаалж, тухайн улсын хамгийн өндөр зэрэглэлийн банкуудад байршуулан хадгалахаар хуульчилсан байдаг. Манайд ч мөн адил үүнийг хуулиар зохицуулсан. Энэ дагуу нийгмийн даатгалын сангийн мөнгийг Худалдаа хөгжлийн банк, ХААН, Голомт банкуудад хадгалж ирсэн ч өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банкинд нийгмийн даатгалын гэх нэг ч төгрөг байхгүй аж.
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хаана хэрхэн байршуулж буй, зарцуулалт нь ямар байдалтай байгааг харуулах шилэн данс одоогоор байхгүй бөгөөд Сангийн яам ч энэ талаарх мэдээллийг нууцалдаг. Тэгвэл нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой хоёр ч асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Нас барагсдын нэрээр тэтгэврийн зээл авсан эсэх хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа
Эхнийх нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас яригдаж эхэлсэн нас барсан иргэдийн нэрийг ашиглан ихээхэн хэмжээний тэтгэврийг зээлийг авсан гэх хэрэг. Энэ талаар тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Цагдаагийн хошууч Б.Баатархүү дараах тайлбарыг өгч байсан юм. Тэрбээр "нас барсан хүмүүсийн бүртгэлийг нь бүртгэлийн системээс хасахгүйгээр банкуудтай хуйвалдаж, тэтгэврийн зээл авч улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэхүү шалгалт маш өргөн хүрээнд явагдаж байна. Өөрөөр хэлбэл, бүх аймаг, нийслэл дүүрэг дээр шалгалтууд хийж байгаа. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй учраас тоймтой зүйл хэлэх боломж алга байна. Юутай ч уг хэрэг дээр шинжээч томилогдон ажиллаж байгаа учраас удахгүй дүгнэлт нь гарна” хэмээн мэдээлж байсан. Уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 болон 148.4 заалтад хамааруулан шалгаж байгаа аж. Тэгвэл дээрх хэрэг өнөөг хүртэл мөрдөн байцаалтын шатанд явж байгааг эх сурвалж хэллээ.
Энэхүү дуулиан гарах үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Нийгмийн даатгалын 5000 гаруй ажилтны нэр хүндэд бүдүүлгээр халдлаа. Нас барагсдын мөнгийг ажилтнууд идэж уух ямар ч боломж байхгүй” гэх тайлбарыг хэвлэл болгоноор дайж байсан.
Даатгалын мөнгийг Солонгосын банкуудад байршуулсан уу?
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ниймгийн даатгалын сангийн мөнгө БНСУ-ын дөрвөн банкинд байршиж байгаа тухай мэдээллийг энэ оны нэгдүгээр сард чуулганы хуралдааны үеэр гаргаж тавьж байсан нь олны анхаарлыг одоо ч татсан хэвээр байгаа хариулт нь олдоогүй асуултын нэг юм. Тэрбээр энэ асуудлыг шалгаж өгнө үү гэдэг хүсэлтийг Ерөнхий сайдад албан ёсоор бичгээр гаргаж байв.
Тэгвэл дээрх асуудлыг цагдаагийн байгууллага нийгмийн даатгалынхны хэрэгтэй хамтад шалгаж байгааг холбогдох албан тушаалтан хэллээ. Тиймээс өнгөрсөн оны 11 дүгээр сараас шалгаж эхэлсэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд удаж байгааг ч нуухгүй байна.
Уг нь хууль хяналтын байгууллага эл хэргийг яаралтай шийдвэрлэж одоогийн Засгийн газрын үед үнэн, худлыг тогтоох чиглэлтэйгээр ажиллаж байгаа талаар эх сурвалж тайлбарласан. Хууль, хяналтын байгууллагын шалгаж буй асуудлаар С.Эрдэнэ сайд итгэлтэй байр суурь илэрхийлж байдаг нь олны анхаарлыг татдаг. Тэгвэл үнэн худлыг хуулийн байгууллага тун удахгүй тогтоох бололтой. Цаашлаад бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө хаана хэрхэн байршиж, хэн яаж зарцуулдгийг хянах Шилэн дансны хуультай болох асуудлыг ч хөндөх цаг болжээ.
Эх сурвалж: