“Эрчим” хоёр хүн дутуу ч ялалт байгууллаа

267

 

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох "Хүрхрээ дээд лиг”-ийн гурав дахь долоо хоногийн тоглолтууд амралтын өдрүүдээр явагдлаа. Эхний хоёр тоглолтын дараах байдлаар нэг нэг оноотой явсан "Сэлэнгэ Пресс”, "УБ Мазаалайнууд” оноолт тааран тоглоход 90 минут ганц багийн давамгайлал дор үргэлжилсэн. "Сэлэнгэ Пресс” клүбийн япон лигонерь Хишида Таку хэт трик толилуулан, олон ашигтай дамжуулалтуудыг өгч байсан нь гурван оноо авах үндэс болсон. Мөн багийн гишүүд С.Мөнхболд 15’, Минами Ёсүкэ 38’ 68’, Б.Итгэл 86’ минутуудад гоол оруулан, өрсөлдөгчөө 7:0-ээр буулган авсанаар "Сэлэнгэ Пресс” анхныхаа хожлыг байгууллаа. Лигийн шинэ цэрэг "Улаанбаатра сити”, хамгийн залуу бүрэлдэхүүнтэй "Дэрэн” клүбүүдийн тоглолт олны анхаарлыг татаж байлаа.

 

 Энэ тоглолтод орсон цорын ганц гоолыг "Дэрэн” клүбийн довтлогч Ц.Төмөр-Очир 25 дахь минутад өөрийн нэр дээрээ бичүүлсэн. Өнгөрсөн жил "Хүрхрээ дээд лиг”-ийн нээлтийг хийж байсан "Хоромхон”, "Улаанбаатар” клүбүүд энэ тойрогт тоглоход бүх зүйл хоёрдугаар хагаст шийдэгдсэн. "Хоромхон” клүбийн Нигер довтлогч Майкл Адэеэмо 74’ минутад тооны харьцааг нээж, өвөрмөц бүжигээр гоолын баяраа тэмдэглэсэн. Түүний оруулсан гоолоор баг нь ялалт байгуулахад тун ойрхон байсан ч шүүгчийн мэдлийн цагт "Улаанбаатар” клүб торгуулийн цохилт цохих эрхтэй болсон. Ингээд багийн ахлагч А.Чинзориг өөрт олдсон боломжийг амжилттай ашиглан багтаа нэг оноо бэлгэллээ. Долоо хоногт таван тоглолт явагддагийн нэг нь Эрдэнэт хотод боллоо. Орхон аймгийн нэр төр "Хангарьд” клүб талбайдаа "Баянгол” клүбийг 5:1-ээр буулган авахад С.Ганхуяг 9, А.Эрдэнэбаяр 16 (p) О.Мижиддорж 19, 54, 56 дахь минутуудад гоол орууллаа.

 

Харин зочин багийн залуу тоглогч Б.Санжаадамба 45’ минутад нэр төрийн гоолыг оруулсан. Ижил зургаан оноотойгоор лигийг тэргүүлж байсан "Улаанбаатарын Унаганууд”, "Эрчим” клүбүүд энэ тойрогт учираа тааран тоглолоо. Бие биенийхээ тоглолтыг сайн мэдэх багууд эхний үед ямар нэгэн алдаа гаргалгүй хаалгаа хуурай манасан. Гэхдээ хоёрдугаар үе дөнгөж эхлээд 47’ минутад "Эрчим” клүбийн япон хагас хамгаалагч Мару Нацүки энэ тоглолтын эхний бөгөөд эцсийн гоолыг оруулсан. Хоёрдугаар үеийн 62 дахь минутад хамгаалагч Г.Төгөлдөр, 86 дахь минутад хаалгач Б.Ариунболд нар улаан хуудас авч талбайг чөлөөлсөн ч хоёр хүн дутуу "Эрчим” клүб гурван оноо авч, хүснэгтийг итгэл төгс тэргүүлсэн хэвээр үлдлээ.

 

 

ЗУУНЫ МЭДЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.