Хэнтийн бэрхийн уурхайн хүү АН-ын эрхийн балайтай өрсөлдөх үү
Хэнтий аймгийн Бэрх хотын хүү Л.Оюун-Эрдэнэ дардан бус бэрх замыг туулсаар улстөрч хэмээх алдрыг хүртсэн. Тэрбээр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа залуус юу хийж, бүтээж чаддагийн жишээг залуучуудын бусад холбоонд яруу тодоор үзүүлчихсэн гээд хэлчихэд нэг их буруутахгүй. Залуу хүн хэрхэн өөрийн хүчээр боловсорч гүйцдэгийн жишээг үеийнхээ залууст үзүүлж, үлгэр дуурайлал нь болж чадсан энэ эрхмийг нутгийнхан нь "Хэнтийн бэрхийн уурхайн хүү” хэмээн "өмчлөх” дуртай.
Тэгвэл "Хэнтийн бэрхийн уурхайн хүү” "Ардчилсан намын эрхийн балай”-г өөрийн өрсөлдөгчөөр сонгосон байна. Тэр нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар. Түүнийг ийн хэлсний учир нь Ардчилсан нам Засаг барьж байгаа энэ үед хамгийн их эрхэлсэн хүмүүсийн тоонд орж байгаад бий. Түүний "Мон-роуд” компанийг намынхан нь бондын мөнгөөр эрхлүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн хугацаанд хангалттай цацагдсан. Энэ ч утгаараа Б.Гарамгайбаатар гишүүн өөрийг нь ч мөн эрхлүүлж, намын нэрийн жагсаалтад багтаана гэж бүлгийн даргын омогшил гаргаж, санаа амар суусан биз. Өөрийг нь УИХ-д илгээсэн сонгогчдоо мартах шахаж байх үед нь түүний мөрөөдлийг нь Үндсэн хуулийн Цэц баллуурдаад хаячихлаа. Тиймээс одоо мартах шахсан сонгогчдодоо хайр зарлах уу, тойргоо солих уу гэдэг ацан шалаанд орчихоод буй.
Харин Л.Оюун-Эрдэнэ түүнийг хуучин сонгогчдоороо дахин дүн тавиулах ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлж, дуэльд дуудаад байна. Түүнийн энэхүү дуэлийг Б.Гарамгайбаатар эр хүний ёсоор хүлээж авах болов уу, тойргоо солиод сүүлээ хавчин зугтах болов уу.