Пхеньяны саналаас Сөүл татгалзлаа

244

Пхеньяны саналаас Сөүл татгалзлаа

 

Ардын зэвсэгт хүчний ерөнхий зөвлөлөөс Өмнөд Солонгосын эрх баригчдад хандан хоёр улсын цэргийн асуудлаар дипломат хэлэлцээр хийхийг энэ сарын24-нд уриалжээ. БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр, Пхеньяны саналыг Өмнөд Солонгосын эрх баригчид хүлээн зөвшөөрөөгүй байна. Эх сурвалжид дурдсанаар хоёр тал дипломат хэлэлцээр хийх Умард Солонгосын саналд Өмнөд Солонгос хэд хэдэн удаа татгалзсан хариу өгч байжээ. Умард Солонгосын Батлан хамгаалах яамны Ардын зэвсэгт хүчний ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн мягмар гаригт Сөүлийн талд мэдэгдэл илгээж, хоёр улсын харилцааны томоохон саад болох батлан хамгаалах салбарын асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх, цэргийн зөрчил сөргөлдөөнийг намжаах хүсэлт гаргасан аж.

 

БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээнд"Умард Солонгосын тал энэ байр сууриа бат баримтлах ба ирэх сарын эхээр БНСУ-д дахин санал хүргүүлнэ. Хоёр талын батлан хамгаалах салбарт тулгарч буй одоогийн асуудлыг шийдвэрлэхийг Пхеньян туйлаас хүсч байна” гэж тэмдэглэсэн байна. Харин Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн агентлагуудад дурдсанаар, БНАСАУ цөмийн зэвсгээ орхисон нөхцөлд хоёр улс Солонгосын хойгийн батлан хамгаалах салбарын талаар хэлэлцээр хийнэ гэсэн байна. БНСУ-ын эрх баригчид"Умардууд Солонгосын хойгийг энх тайван байлгахыг хүсч байгаа бол цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхих хэрэгтэй” гэсэн байр сууриа хатуу баримтлахаа мэдэгджээ.

 

Үүний зэрэгцээ БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Умард Солонгостой нөхөрсөг харилцаатай улсын Төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа баллистик пуужин болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэхийг уриалах болсон байна. Тухайлбал, энэ сарын эхээр Иранд айлчлахдаа Умард Солонгосын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслахыг хүсчээ. Мөн Кени, Уганда, Этиоп, Франц улсад энэ сарын сүүлээр хийх айлчлалынхаа хөтөлбөрт цөмийн асуудлыг багтаажээ.

 

Х.Эрдэнэзаяа


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.