"Хар тамга"-тай САЙД
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд ХБНГУ-аас виз олгохоос татгалзаж байсан тухай материал олон нийтийн сүлжээгээр тарсан нь шуугиан тариад байна. Монгол Улсын Элчин сайдын яаманд хаягласан Берлин хот, 2005-05-29 хэмээх огноотой Төлөөний ноот бичгийн албан бус орчуулгад Гадаад хэргийн сайдгай холбоотой хэд хздэн баримтыг дурджээ. Тэдгээрээс дурдвал Л.Пүрэнсүрэн нь Монгол Улсаас Германд суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байх хугацаандаа замын хөдөлгөөний хууль тогтоомжийг зөрчин цагдаагийн байгууллагын анхааралд хоёр удаа орсон байна.
Тухайн үед онуудад тэрбээр согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргасан. Өнөөгийн мөрдөж буй журмын дагуу Европын холбооны гишүүн орнуудад ижил төвшинд үйлчилж байгаа хуулиар хоер дахь ослын дараа тухайн оршин сууж байгаа улсаа орхих ёстой.
Цаашлаад Л.Пүрэвсүрэн Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа биеэ төлөв бус авч явсан үүгээрээ ХБНГУ-д санхүүгийн хохирол учруулсан хэмээн үзэж байна гэжээ. Л.Пүрэвсүрэн сайдын хувьд 2000 оны тавдугаар сарын 5-нд Монголын иргэн С.Болдбаатарт урилга явуулсан байна. Ингэхдээ хуулийн дагуу зохих хариуцлага хүлээх (буцаж яваагүй тохиолдолд гарах зардлыг хариуцах)-ээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Гэвч урилгаар Германд очсон С.Болдбаатар хугацаанд буцахгүй учир тус улсын цагдаагийн байгууллагаас түүнийг албадан баривчилж, 2004 оны гуравдугаар сарын 18-нд Монгол руу буцаасан байна. Улмаар С.Болдбаатарыг албадан гаргасантай холбогдуулж гарсан зардлыг Л.Пүрэвсүрэн сайдаас хууль ёсны дагуу нэхэмжилсэн ч барагдуулахаас татгалзжээ. Эсрэгээрээ урьсан С.Болдбаатарыг танихгүй, түүний гарын үсэг зурсан урилга хуурамч гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Хачирхалтай нь, С.Болдбаатарын ажлын газраас Л.Пүрэвсүрэн сайдын нэр дээр 30 мянган ам.долларын шилжүүлэг хийснийг Германы Гадаад хэргийн яамнаас тогтоосон байдаг аж.
Гэвч Л.Пүрэвсүрэн сайд холбогдох албаныхантай хийсэн хэд хэдэн удаагийн уулзалтын үеэр эргэж буцсан, өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгчээ.
Мөн Германы холбогдох байгууллагуудад учруулсан хохирлоо барагдуулахгүйгээс гадна байр сууриа илэрхийлэлгүй үл тоожээ. Тиймээс Монгол Улсын Гадаад хэргийн яам Л.Пүрэвсүрэнд виз хүссэн ноотоо Германы Элчин сайдын яамнаас буцааж авахыг хүссэн байна. Хэрвээ ямар нэгэн хариу өгөөгүй тохиолдолд татгалзсан хариу өгөхөө ч илэрхийлсэн байна. Тухайн үед Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Алтангэрэл Германы талын албан бичигтээ танилцаад "Ийм асуудал үүссэнд харамсаж байна. Энэ нь манай хоёр талын харилцаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх учиргүй гэж бодож байна” гэсэн хариу өгсөн байна.
Нэг үгээр хэлбэл, Л.Пүрэвсүрэн сайд ХБНГУ-д алба хашиж байхдаа Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 41 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчиж байсныг дурдсан нь энэ. Тиймээс Германы талаас Л.Пүрэвсүрэн сайдад визийг олгох боломжгүй гэдгийг мэдэгджээ. Энэ шийдвэр нь түүний гэр бүлийн гишүүдэд мөн хамаарахыг Төлөөний ноот бичигт дурдсан байна. Өөрөөр хэлбэл, Герман болон Европын улсуудад нэвтрэх эрхгүй болтлоо, "хар тамга” даруулж байсан эрхэм Монгол төрийн гадаад бодлогыг зангидах сайдын албан тушаалыг хашиж явна. Одоогоос сар хагасын дараа төр, засгийн хэмжээнд ихээхэн ач холбогдол өгөх болсон Ази, Европын холбосон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Дэлхий нийтэд Монголын нэрийг гаргана хэмээж буй энэхүү арга хэмжээг гардан зохион байгуулж, улсынхаа нэр нүүрийг тахлах учиртай хамгийн гол газар нь Гадаад хэргийн яамныхан.
Гэвч Монголоос Германд суух Элчин сайдын яманд ажиллаж байхдаа "персона нон-грата” буюу тухайн улсад нэвтрэх эрхээ хязгаарлуулж байсан сайд АСЕМ хэмээх томоохон уулзалтын үеэр Монголын нэрийг яаж таниулах нь эргэлзээтэй юм.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/