Монголд анх удаа хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэнэ

910

Монголд анх удаа хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэнэМонгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлж буй "Монполимет” группийн бүтээн байгуулалт болох "Монцемент” үйлдвэрийн нээлт өнгөрсөн оны наймдугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд болж өнгөрсөн нь саяхан. Монгол Улс, Европын стандартад нийцсэн орчин үеийн бүрэн автомат удирдлагатай, байгальд ээлтэй технологи бүхий тус үйлдвэрийн үйл ажиллагаа өдгөө жигдэрч, орон нутагт 500 гаруй ажлын байр шинээр бий болгож, үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна. "Монцемент” үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалтын талаар Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, "Монполимет” группийн зөвлөх Ц.Гарамжаваас дараах тодруулгыг авлаа.

 

"Монцемент” үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилж, шинэ технологи бүхий үйлдвэр байгуулж байна.Энэ талаараа тодруулахгүй юу?

"Монцемент”үйлдвэр Дорноговь аймгийн Өргөн суманд орших өндөр агуулга бүхий шохойн чулууны нөөцтэй, зуун дамжин ашиглах Сэнжит худгийн ордыг түшиглэж шохойн чулуу олборлох уурхай, жилд нэг сая тонн чулуунцар үйлдвэрлэх хуурай аргын орчин үеийн технологи бүхий цемент болон чулуунцар үйлдвэрлэх хэсгүүдийг ашиглалтад оруулаад байна. Мөн Монцемент төслийн хоёрдугаар хэсэг болох үйлдвэрлэлийн процессоос ялгарах хаягдал дулааныг дахин боловсруулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх 5000 кВт хүчин чадалтай цахилгаан станцыг амжилттай барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа. 120 тн хүчин чадалтай чулуунцар тээрэмдэх үйлдвэрийг ирэх жилээс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт барьж байгуулахаар ажиллаж байна. Энэ нь манай гурав дахь үйлдвэр болж байгаа юм.

Хаягдал дулааныг дахин боловсруулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг сонирхолтой сонсогдож байна шүү?

Тийм ээ, "Монцемент” үйлдвэрийн нэг онцлог, ололт нь дээр дурдсанчлан Монгол Улсад анх удаа орчин үеийн өндөр технологи бүхий цахилгаан станцыг барьж байгуулж ашиглалтад өгөх гэж байна. Цементийн үйлдвэрийн эргэх зуух, урьдчилсан халаагч болон чулуунцрын хөргүүрээс гарах халуун хаягдал хийг дахин ашиглаж дулааны энергийг эрчим хүчний энерги болгон хувиргах тус технологи нь цементийн үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг хангана. Төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулахаас гадна дулааны эрчим хүч үйлдвэрлэн үйлдвэрийн болон ажилчдын орон сууцны хотхоны дулааны хэрэглээг давхар хангах ач холбогдолтой. 5000 кВт-ын хүчин чадал гэдэг нь ойролцоогоор аймгийн төвүүдийн цахилгаан станцуудтай адил хэмжээтэй суурилагдсан хүчин чадал юм. Энэ хэмжээний хүчин чадлыг хаягдал хий ашиглан гаргаж авах дэвшилтэт технологи нь салбартаа төдийгүй улсын хэмжээнд анхдагч болж байгаа бөгөөд бусад цементийн болон боловсруулах үйлдвэрүүдэд үлгэр жишээ болох шинэ эко технологи бүхий бүтээн байгуулалт юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

С.Алтанцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>