|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 06:20
1-12-2017, 11:10

Эмнэлгийн хий үзэгдлүүд

Эмнэлгийн хий үзэгдлүүдСувилагч Э:  "Миний ээлжин дээр нэг эрэгтэй хүн нас барсан юм. Гэтэл хоёр цагийн дараа миний хамт ажилладаг сувилагч бид хоёр түүнийг коридорын мухарт зогсож байхыг харсан. Тэр шөнөжингөө унтаж чадаагүй. Өглөө ээлжнээс буунгуутаа бид хоёр Гандан орж ном уншуулсан.”

Охин О: "90-ээд онд аав минь барилга дээр ажиллаж байхдаа таван давхраас хөл алдан унаж маш хүнд гэмтэл авсан юм. Тэгээд түүнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн. Найдваргүй гэж байсан хэмээн ээж минь ярьдаг юм. Аавын хэвтсэн тасагт найдваргүй болсон таван хүн хэвтэж байсан гэнэ билээ. Нэг шөнө аав ухаан орж хартал тасгийнх нь хоёр хүн босож алхсаар цонхонд дээр очоод нэвт гараад явчихсан гэсэн. Тэгээд цааш нь аав юу болсныг ойлгоогүй өөрөө унтсан юм уу, ухаан алдсан уу тэрийгээ мэдээгүй гэдэг. Хөл нь аймаар өвдөхөөр сэрсэн гэнэ билээ.

Тэгтэл сувилагч нар нөгөө шөнө харсан хоёр хүнийг нь дамнуурга дээр тавиад гарсан аж. Тэгтэл тэр хоёр хүн аавыг шөнө ухаан орох үед нас барцгаасан юм байжээ. Мөн тэр шөнөө аав нөгөө үлдсэн хоёр хүнийг өрөөн дотор холхиод байсныг харсан гэнэ. Гэтэл нэг нь хөлөө тайруулсан байтал зүгээр яваад байсан гэж байгаа. Аав айсандаа бас л ухаан алдаад сэргэхэд нь нөгөө хоёр нь бас өнгөрчихсөн байсан гэнэ лээ.

Тэгээд өдөр хэсэг зүүрмэглэж байтал сувилагч нар нэрээр нь дуудаад "Энэ залуу бөх амьтай юм аа. Үлдсэн дөрөв нь тэссэнгүй” гэхэд нөгөөх нь "Наад хүн чинь жаахан охинтой юм билээ. Тэгээд үхэхгүй байгаа байх” гэж ярьцгаасан гэдэг.

Эмч Б: "Харин манай эмнэлэгт ямар ч хий үзэгдэл хараагүй. Харин байнга үхэл үнэртсэн нэг газар бий. Тэгэхдээ тэр өвчтөнүүдийн тасаг биш. Харин ажилчдын өрөө. Гэвч хэн ч тийшээ ордоггүй. Хажуугаар нь өнгөрөх бүрт жихүүдэс хүрдэг сонин газар”.

Өндөр настан Ц: "Намайг 80-аад оны сүүлчээр хүүхдийн эмнэлэгт ажиллаж байхад манай давхарт шинэ төрсөн хүүхдийн болон сэхээн амьдруулах тасаг хамтдаа байдаг байсан юм. Тэнд би хааяа улаан пальтотой өндөр сайхан бүсгүйг хардаг байсан ч намын гишүүн болохоор энэ тухай хэнд ч дурсдаггүй байлаа. Гэхдээ хааяа л харагддаг байсан юм. Хэрэв тэр бүсгүй манай давхарт харагдах л юм бол дөнгөж төрсөн ч бай, эсвэл сэхээнд байгаа хүүхдүүдээс нэг нь заавал нас бардаг байлаа. Үнэхээр аймаар. Намын гишүүн гэдэгтээ баригдаад Гандан орж, лам дээр ч очдоггүй, хүнд ч хэлдэггүй байсан даа.

Гэхдээ хамгийн аймаар нь миний нэг ойтой хүү өвдөөд эмнэлэгтээ авч иртэл тэр эмэгтэй яг намайг ширтээд манай давхарт зогсож байх нь тэр. Тэгээд би өвдөг сөгдөн гуйж, хүүхдээ өгөхгүй хэмээн залбирсан юм. Тэгэхэд би 24 настай байсан. Харин өглөө хоёр санчиг минь бууралтчихсан байж билээ. Харин одоо хүү минь 30 гарсан том эр болсон. Одоо бол би Гандангаас салахгүй шүү дээ”.

Оросын иргэн Чва: Миний дадлага хийж байсан хүүхдийн сэхээн амьдруулах тасагт гэдсэндээ хүнд шарх авсан нэг жаал ирээд хагалгаа амжилтгүй болж нас барсан юм. Түүнээс хойш нэг их удалгүй би жижүүр хийж байлаа. Гэтэл шөнө өвчтөнүүдийн тасгийн хаалгыг онгойлгон явж байгаа нөгөө хүүг харах нь тэр. Би ч өөрийгөө галзуурч байгаа юм байна л гэж бодлоо. Гэвч надтай хамт жижүүр хийж хоносон охид өнөөх жаалыг бас харсан байдаг байгаа... Үгүй, харсан биш бүр шархтай ирэхдээ уйлж, орилж байсныг нь дахин сонссон гэсэн.

Ер нь шөнө өвчтэй хүүхдүүд унтаж байхад янз бүрийн юм их сонсогдоно. Хүүхдийн тожигносон алхаа энэ тэр гээд. Ер нь аймаар даа. Гэхдээ удалгүй дадлага дуусч би ч бушуухан сургууль руугаа явсан даа.

Орос оюутан Саша: Шөнө. 125 жилийн настай барилгад байрласан эмнэлэг. Асрагч Вася нэг 100 татчихаад харанхуй коридорт гартал өмнөөс нь нэг цав цагаан халаат агаарт дүүжигнэн ирж байх нь тэр. Ах гялс өрөөгөө цоожлоод өглөө болтол нам суужээ. Гэтэл нөгөө халаатыг Африкаас ирж суралцаж байгаа дадлагын эмч оюутан хар арьст залуу өмсөөд явж байсныг мэдсэн гэж байгаа. Гэхдээ мань Вася сар гаруй дахиж хундага амандаа хүргээгүй юм даа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.