Ц.Цолмон сайд албан тушаалаа урвуулан ашиглаж, Сонгуулийн тухай хууль зөрчив үү
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн нэр дэвших тойрогт Батлан хамгаалах яамны харьяа "Соёмбо” сонины хамт Ц.Цолмон сайдын ажлын тайлангийн сэтгүүлийг тараажээ.
Ажлын тайлангийн сэтгүүл ч яахав, өнгөрч буй 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа сонгогчдодоо тайлагнаж байгаа гэж үзэж болох. "Шударга ёс” эвслийн нэрийн жагсаалтаар 2012 оны парламентад орсон энэ эрхэм 2016 оны УИХ-ын сонгуулиар намынхаа захиас даалгавараар Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон. Түүнтэй нэг тойрогт Ардчилсан намаас Р.Булгамаа, Ардын намаас Б.Саранчимэг нар өрсөлдөх тов гараад байгаа. Уг нь ч Ц.Цолмонгийн хувьд аятайхан тойрогт хуваарилагдчихсан гэж хэлж болно.
Гэхдээ түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэхгүй бол шүү дээ. Ажлын тайлангийн сэтгүүл тараачихаад Батлан хамгаалах яамны харьяа "Соёмбо” сонинд ажлын тайлангаа дахин хэвлүүлж, өөрийн хөрөг нийтлэл болон ярилцлгыг хэвлүүлсэн байсан нь түүнийг сайдын эрх мэдлээ ашигласан гэх асуудалд унагаж болзошгүй юм. Сонгуулийн тухай хуулийн дагуу бол сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ямар нэгэн байдлаар сурталчилгаа хийхийг хориглосон. Гэтэл Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон яамны сонинд өөрийн хөрөг нийтлэл, ярилцлага, тайлангаа хэвлүүлжээ.