Сангийн сайд нар бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хэлэлцэж эхэллээ

991

Сангийн сайд нар бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хэлэлцэж эхэллээ

 

АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэх уг уулзалт нь "Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн дор өрнөж байгаа. Уулзалтад 40 гаруй орны төлөөлөл тодруулбал Сангийн сайд болон дэд сайд нарын 20 хүн хүрэлцэн ирсэн байна. Мөн Олон улсын хөгжлийн агентлаг, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк зэрэг 13 олон улсын байгууллагын төлөөлөл багтсан 200 гаруй төлөөлөгч иржээ. Тэр дундаа хүндтэй зочдын тоонд Олон улсын валютын сангийн удирдах захирлын орлогч Мицүхиро Фүрусава, Япон улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо, Бүгд Найрамдах Мальт улсын Сангийн сайд Эдуард Сицлуна, Бүгд Найрамдах Солонгос улсын Стратеги, сангийн дэд сайд Санг Мок Чой, Европын хөрөнгө оруулалтын банкны суурин төлөөлөгч Миколаж Довгелевич зэрэг зочид ирсэн байлаа. Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлэх төсөл, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцож, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтуудыг хийхээр төлөвлөжээ.

 

Б.БОЛОР: АЗИ, ЕВРОПЫН ОРНУУД ТӨСВИЙН БОДЛОГЫГ ШИНЭЧЛЭХЭД САНАЛ НЭГДСЭН

 

Ази, Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтыг нээж өчигдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт үг хэлсэн юм. Тэрээр "Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтад оролцож байгаа сайд нар хоорондоо нээлттэй, үр өгөөжтэй ярилцаж, хамтдаа нэгдсэн дүгнэлтэд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр санхүүгийн болон эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулж, Ази, Европын уялдаа холбоог сайжруулж чадна. Энэхүү хурлын сэдэв нь Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл гэсэн нэртэй зохион байгуулагдаж байгаа. Тиймээс та бүхнийг идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй хуваалцана уу гэж урьж байна. Мөн үндсэн баримт бичиг болох тунхаглалын баримтад өөрсдийн санал, бодлоо хуваалцаж, ярилцана гэж найдаж байна” гэсэн юм. Түүний мэндчилгээний дараа Ази, Европын орнуудын дэд дарга нар болон Сангийн яамны төлөөлөгчид хаалттай хуралдав. Тэд Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын хөтөлбөрийн тухай хэлэлцүүлэг болон тунхаглалын төслийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Харин уулзалтын үеэр Сангийн сайд Б.Болор "Монгол Улсад төсвийн бодлогын шинэчлэл хийх шаардлагатай гэж олон жил ярьж байгаа. Энэ талаар АСЕМ-ын түнш орнуудтай санал бодлоо солилцож байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд дан ганц Монгол Улс гэлтгүй өнөөдөр уулзсан улс орнууд ч төсвийн бодлогыг зайлшгүй шинэчлэх нь зөв гэдэгтэй санал нэгдсэн. Үүнийг эдийн засгийн үндэслэлтэйгээр хэрхэн явуулах талаар томоохон хэлэлцүүлэг хийж, тунхаглал гаргана. Дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед Монгол Улс хоёр өдрийн дотор 43 орны төлөөлөгч, олон улсын 13 санхүүгийн байгууллагатай хоёр талын уулзалт хийж, зөвшилцөнө гэдэг том боломж, давуу тал” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>