Нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай валютын савалгаа арилна
Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын ВТБ капитал банкнаас 300 сая ам.долларын худалдааны зээл авахаар болов. Уг зээллэг 7.5 хувийн хүүтэй бөгөөд хойд хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч дөрвөн компанид арилжааны банкуудаар дамжуулан олгох аж. Ингэхдээ өнөөгийн зах зээлийн хүүгээр олгоно гэдгийг Хөгжлийн банк захирал Н.Мөнхбат хэллээ. Валютын гадагшлах урсгалд газрын тосны бүтээгдэхүүний импорт 20-25 хувийг эзэлдэг. Сүүлийн нэг жилд 800 орчим сая ам.долларын импорт хийснээс харахад энэ төрлийн импорт валютын гадашлах урсгалд багагүй жин дарж байна. Дээрх зээлийн хэлэлцээрийн дагуу шатахуун импортлогчид 100 хувь урьдчилж төлбөрөө төлсний дараа нефтийн бүтээгдэхүүнээ "'Роснефть ” компаниас авдаг хуучин тогтолцоог халж, тодорхой хугацааны дараа төлөх уян хатан нөхцөл бүрдлээ. Улмаар улирлын чанартай валютын ханш савлагаа, шатахууны жижиглэнгийн үнийн хэлбэлзэл багасгана гэдгийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбурэн онцлов.
Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/