1072 хувьцааг өнөөдрөөс мөнгөжүүлэхийн тулд Засгийн газар дахин 400 тэрбумын төгрөгийн бонд босгох шаардлагатай

994

1072 хувьцааг өнөөдрөөс мөнгөжүүлэхийн тулд Засгийн газар дахин 400 тэрбумын төгрөгийн бонд босгох шаардлагатай

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн хэмээх тодотгол бүхий Засгийн газрын ард түмэндээ барьсан сүүлийн гэж хэлж болохуйц "бэлэг” нь хувьцааны асуудал байлаа. Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бус хуралдаанаа шуурхай хийж нэгэн сонирхолтой шийдвэрийг гаргасан юм.

Тодруулбал, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг гаргав. Засгийн газар уг ажлаа "Сайн хувьцаа” хэмээн нэрлэсэн юм. "Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөсөн гэдгээ албан ёсоор зарлалаа.

Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлжээ.

Тэгвэл эдгээрээс бусад 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Эдгээр иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргавал эхний ээлжинд 322 хувьцааг нь нэрлэсэн үнээр нь  худалдаж авна.

Ингээд хувьцааг худалдаж авах ажиллагааг өнөөдрөөс эхлүүлнэ. Иргэд хувьцаагаа мөнгөжүүлэхийн тулд өөрт хамгийн ойрхон арилжааны банкуудад очиж материалаа бүрдүүлж өгөх учиртай. Хоногийн хоол, идэх талхаа хэд хувааж авч байгаа иргэд хувьцаа гэх "амьгүй, ашиггүй” зүйлээ боломж олдсон дээр нь мөнгөжүүлж авах л байх. Эрх баригчид ч гэсэн сонгуулийн өмнө гэнэт ийм шийдвэр гаргасан нь сонгуулийн шоуных нь нэгээхэн хэсэг хэмээн цахим ертөнцөд таамаглаж байгаа. Харин иргэд хэрхэн хандах нь өнөөдрөөс л тодорхой болно. Тэгвэл Засгийн газраас гаргасан саналтай зэрэгцэн МАН-ын бүлгээс нэгэн санаачлага гаргасан нь хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Харин дэмжигдэх эсэх нь хараахан тодорхойгүй байгаа.

Үүнээс гадна дээрх амлалттай зэрэгцэн гарч ирсэн нэгэн асуудал нь Засгийн газрын амлалтын биелүүлэх хөрөнгийг хаанаас "босгох” вэ гэдэг асуудал юм. Сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараадаг завхарлыг байхгүй болгохыг хамгийн ихээр ярьсан эрх баригчид өөрсдөө эрх мэдлээ ашиглан мөнгө тараадаг байдал руугаа орох гэж байх шиг байна. Иргэдийн хувьцааг мөнгөжүүлэх төсөв үнэндээ энэ засагт байхгүй. Төсвийн зардал ихэсч алдагдал нь өдрөөс өдөрт нэмэгдэж өнгөрсөн жилүүдтэйгээ харьцуулбал 4.2 хувиар нэмэгдээд байгаа. Харин Засгийн газар хувьцааны мөнгийг тараахын тулд дахин бонд босгож асуудлыг шийднэ. Хувьцааг мөнгөжүүлэхийн тулд бараг 400 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Ерөнхий сайд ч хөрөнгийн эх үүсвэрээ ингэж шийднэ гэдгээ өөрөө хэлсэн. Монголбанк тэргүүлэн оролцож арилжааны банкуудыг дахин хүнд байдал руу "түлхэх” байх.  Өнөөдрийн байдлаар Тавантолгойн үйл ажиллагаа ашигтай биш, нүүрсний үнэ унасан, компани их хэмжээний өртэй байгаа нөхцөлд Засгийн газар иргэдийн хувьцааны тодорхой хувийг мөнгө болгож байгаа нь өөртөө маш том дарамтыг бий болгож байна. Одоогийн байдлаар төсөв 860 тэрбумын алдагдал хүлээчихсэн байгаа. Өнөөдрөөс хувьцааг мөнгөжүүлснээр төсвийн алдагдал нэг их наяд руу орно.

Тиймээс сонгуульд ялахын тулд эдийн засгаа хүнд байдал руу чирч эхэллээ. Ийм байдалтайгаар нөхцөл байдлыг үлдээвэл дараагийн Засгийн газар "ангалын” ирмэг дээр ажиллах болно. Цалин тэтгэвэрээ тавьж чадах уу үгүй юу, зам засвар бусад урсгал зардлуудаа бүгдийг нь царцаах шаардлага үүсэх байх. Ер нь энэ байдлаараа удвал бид дефолт болох вий дээ.

Ч.Ган

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>