Улсын төсөв 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

1360

Улсын төсөв 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

 

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /УБСЕГ/-аас өнөөдөр /2016.06.13/ мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцэл алдагдалтай гарчээ. Улсын төсвийн нийт орлого 2.1 их наяд төгрөг байна. Гэтэл гурав орчим их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлснээр төсвийн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын төсвийн орлого өмнөх оны түвшинд хүрэхгүй 0.6 хувьтай байхад зарлага 21.1 хувь буюу 520 тэрбум төгрөгөөр илүү байна. Төсвийн санхүүжилтэд урсгал зардал 363 тэрбум төгрөгөөр илүү буюу 16.9 хувь, хөрөнгийн зардал 129 тэрбум төгрөг буюу 44.9 хувь, урсгал шилжүүлэг 100 тэрбум төгрөг илүү буюу 11.7 хувиар илүү санхүүжүүлсэн дүн гарчээ.

 

Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна

Энэ оны эхний таван сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 10.7 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх сарынхаас 218.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 891.7 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Мөн 7.9 их наяд төгрөгийн болон валютын хадгаламж эзэлж байна. Улсын хэмжээнд 11.4 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Мөнгөний гурван гол үзүүлэлтийг өмнөх оны төвшинтэй харьцуулахад 6-10 хувийн өсөлттэй гарсан байна. Харин олгосон зээлийн хэмжээ өмнөх сарынхаас 1.7 хувийн бууралттай гарсан бол чанаргүй зээлийн хэмжээ 1.9 гаруй их наяд төгрөг бөгөөд нийт зээлийн 17 хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд онцлов. Өөрөөр хэлбэл зургаан төгрөг тутмын нэг төгрөгийг чанаргүй зээл эзэлж байна гэсэн үг ажээ.

Гадаад худалдааны үнийн дүнгээс 176 сая ам.долларыг алдаж байна.

1465803748_statistik

Манай улс энэ оны эхний таван сарын байдлаар дэлхийн 123 оронтой гадаад худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2946.7 сая ам.доллар байна. Үүнээс экспорт 1774.6 сая ам.доллар бол импорт 1172 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 369.7 сая ам.доллар буюу 11.1 хувиар буурсан байна. Үүний экспорт 94.7 сая ам.доллараар, импорт 275 сая ам.доллараар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Гадаад худалдааны тэнцэл оны эхний таван сарын байдлаар 602.6 сая ам.долларын ашигтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 180 сая ам.доллараар илүү ашигтай гарчээ. Энэ үеэр экспортын орлогыг үнийн дүнгээрээ алдаж байгааг мэргэжилтнүүд дурдсан юм. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүд экспортоор 2-55 хувийн өсөлттэй гарсан хэдий ч үнийн дүнгээсээ 176 сая ам.долларыг алдаж байгаа аж. Уул уурхайн бүтээгдэхүүний дундаж үнийн өсөлтөөр нүүрс 7.2 сая тонныг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 38.4 хувиар илүү гарсан байна. Харин зэсийн баяжмал 698 мянган тонн гаргасан бөгөөд 30.2 хувь, төмрийн хүдэр 1.9 сая тонныг гаргасан нь өмнөх оныхоос хоёр хувиар их экспортлосон үзүүлэлт гарчээ. Газрын тос 3.6 сая баррелийг гаргасан ч өмнөх оныхоос 12.3 хувь, алт 5.2 тонныг гаргасан ч 55 хувиар илүү олборлож, экспортоор гаргасан байна.

Инфляци 0.1 хувийн өсөлттэй гарчээ

Энэ жилийн хэрэглээний үнийн улсын индекс хэлбэлзэл багатай, харьцангуй тогтвортой байгааг албаныхан онцоллоо.

Хэрэглээний үнийн индекс өнгөрөгч тавдугаар сард өмнөх сарыхнаас 0.1 хувиар өсөлттэй гарчээ. Харин энэ оны эцсийнхээс 3.3 хувийн өсөлттэй, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 хувиар өссөн байна. Энэ оны эхний таван сарын байдлаар энэ оны инфляцийн түвшин өнгөрөгч оны инфляцийн түвшинтэй ойролцоо байгааг мэргэжилтнүүд дурдаж байв.

Хэрэглээний үнийн индекс зургаан аймагт буурсан бол хоёр аймагт үнэ харьцангуй тогтвортой, 13 аймагт хэрэглээний үнийн индекс 1.1 хувийн өсөлттэй байна. Нийслэл хотод улсын дундажтай адил хэмжээний 0.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>