Сая сая доллараа нуухыг оролджээ
Аргентины олон нийтийн ажил эрхэлсэн нарийн бичгийн дарга асан Хосе Лопес Буэнос-Айрес хотын захад баривчлагдсан байна. Тэрээр хууль бус аргаар олсон хэдэн сая доллараа сүм дотор нуух гэж байгаад баригдсан аж.
Орон нутгийн нэгэн иргэн цагдаагийн газар руу утасдан, хэн нэгэн үл таних этгээд сүмийн хана давуулан ууттай зүйл шидээд байна гэж мэдээлжээ. Дуудлага хүлээн авсан цагдаагийхан сүм рүү хүрч ирэн, экс-түшмэлийг баривчлах үед түүнд зургаан цүнх дүүрэн доллар, евро, йен байсан бөгөөд түүнийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчлаад байгаа аж.
Аргентины хэвлэлээр мэдээлж буйгаас харахад, уг эрийн цүнхэнд ойролцоогоор найман сая гаруй долларын хэмжээний мөнгөн тэмдэгтүүд байсан ба тэрээр хэргийн газарт очсон цагдаа нарт авлига өгөхийг оролдсон гэнэ.
Одоогийн байдлаар, Аргентинд авлига, мөнгө угаахтай холбоотой хэд хэдэн хэрэг мөрдөгдөж байгаа бөгөөд түүний сэжигтнүүд нь өмнөх засгийн газрын гишүүд болон зарим нэгэн бизнесменүүд байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN