Сахарын өвчин буюу чихрийн шижин гэж юу вэ?

1860

Сахарын өвчин буюу чихрийн шижин гэж юу вэ?

 

Бид бүхний сахарын өвчин гэж хэлж заншсан диабет буюу чихрийн шижин өвчин нь бодисын солилцооны өвчин бөгөөд нойр булчирхайн лангерхансын арлын эсүүдээс ялгарах инсулин гэдэг дааврын харьцангуй болон туйлын дутагдлын улмаас цусан дахь сахар хэвийн хэмжээнээс (4.4 - 6.1 mmol/L) хэтэрч ам цангах, шээс ойр ойрхон хүрэх, их идэх зэрэг шинжээр илэрдэг архаг явцтай өвчин бөгөөд  Инсулин нь цусны сахарын хэмжээг зохицуулдаг даавар юм. Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ албан бус тоогоор манай улсад 60000-80000 өвчтөн байдаг гэж үздэг байна. 

Чихрийн шижин өвчний хэлбэрүүд: 

Энэ өвчин шалтгаанаар нь 4 хэлбэрт хувааж үздэг. Үүнд:  

  1. I хэлбэрийн чихрийн шижин - Нойр булчирхай цусан  нь дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин дааврыг ялгаруулахаа больсноос (инсулины туйлын дутагдал) үүсэх ба 35 – аас доош насны залуучууд ялангуяа хүүхдүүд их өвчилдөг. 
  2. II хэлбэрийн чихрийн шижин - Инсулин даврын ялгаралт хэвийн байдаг ч түүнийг мэдэрч хүлээж авдаг эсүүд инсулиныг мэдрэхээ больсноос үүсдэг хэлбэрийн чихрийн шижин.  35 – с дээш насны хүмүүст тохиолдох ба нийт чихрийн шижинтэй хүмүүсийн 90%  нь II хэлбэрийн чихрийн шижинтэй байдаг.  
  3. Жирэмсний чихрийн шижин - Жирэмсний явцад цусны сахарын хэмжээ ихэсдэг. 
  4. Шинж тэмдгийн чихрийн шижин - өөр бусад эрхтэн системийн өвчний улмаас хоёрдогчоор цусны сахарын хэмжээ ихсэхийг хэлнэ. 

Үүсэх шалтгаан:

Чихрийн шижингээр өвчлөхөд олон хүчин зүйл нөлөөлөх ба үүний дотор буруу хооллолт, хөдөөлгөөний хомсдол, удамшил, хорт зуршил, сэтгэл санааны байнгын тавгүйтэл, нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрх судасны өвчин, судасны хатуурал зэрэг нь ихээхэн нөлөөлдөг байдаг.    

Удамшил:

Сүүлийн үеийн хүний геномын судалгаагаар аливаа хүнийг ямар өвчин тусах эрсдэлтэй болох, түүнээс хэрхэн зайлсхийх талаар судалгааг өргөн хүрээтэй хийж байгаа бөгөөд энэ ч үүднээс чихрийн шижин өвчинг судалж үзэхэд удамших хандлагатай гэж тогтоосон. Эцэг, эх 2 нь хоёулаа чихрийн шижинтэй бол хүүхэд нь чихрийн шижингээр өвчлөх магадлал 90% байдаг байна. 

Энэ өвчний үед илрэх шинэж тэмдгүүд:

II хэлбэрийн чихрийн шижингийн үед шинж тэмдэг аажмаар илрэх бөгөөд ам цангах, шээс ойр ойрхон хүрэх ба эхэн үед арьсан дээр идээт тууралт гарах, даралт ихсэх зэрэг шинжүүд илэрнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямрал үүсгэдэг учраас бодисын солилцоо хямарч глюкоз нь цусанд хуримтлагддаг. Үүний улмаас бие мах бодид бодисын солилцооны хортой завсрын бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж эд эрхтэнг гэмтээж, хараа муудах, бөөрний өвчин үүсэх, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 

Яагаад жирэмсэн үед чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр байдаг вэ? 

Жирэмсний үед ургийн хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд олон төрлийн пигмент өсдөг. Энэ дааврууд нь инсулиныг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Улмаар инсулиныг цусанд байх ёстой хэвийн хэмжээнээс ихэсгэдэг. Үүнээс болж жирэмсэн эх чихрийн шижин өвчнөөр өвчилдөг. Хэрвээ жирэмсэн үедээ чихрийн шижнээр өвчилсөн тохиолдолд дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаагаа хянуулж амаржих хэрэгтэй. Тэгэхгүй бол урагт очих сахарын хэмжээ нэмэгдэж гаж хөгжилтэй, хэвийн хэмжээнээс том хүүхэд төрж болзошгүй. Иймээс олон улсын чихрийн шижний холбооноос 24-с 28 долоо хоногтой эх цусан дахь сахарын хэмжээгээ хянуулна гэж заасан байдаг.   

Хэрхэн эмчлэх вэ ? 

  • Хоолны дэглэм барих /нүүрс усыг хязгаарласан хоол хүнс хэрэглэнэ/
  • Хөдөлгөөн 
  • Цусны сахар бууруулах эмийн эмчилгээ 
  • Инсулин эмчилгээ 

Эдгээрээс энэ өвчний үед хамгийн тохиромжтой эмчилгээний гол зарчим нь хөдөлгөөн юм. Одоо үед чихрийн шижингийн эмийн сонголт харьцангуй сайжирсан ба өөрт тохирох эмийг эмчээсээ зөвлөгөө авч хэрэглэх бүрэн боломжтой.  

Илэрч болох хүндрэлүүд:

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс хамгийн түрүүнд захын судаснууд болон судсаар баялаг эд эрхтнүүд гэмтдэг. Үүнд: хамгийн түрүүнд хөлийн судас гэмтсэнээр хөлөө тайруулах хүртэл аюул дагуулдаг. Түүнчлэн судас ихтэй бөөр, нүд гэмтэж үрэвсэх нь чихрийн шижинтэй хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог хүндрэлүүд юм. Чихрийн шижинтэй хүмүүст тохиолддог бас нэг хүндрэл нь кетоацедозын комонд орох. Энэ нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс нуурс усны бодисын солилцооны завсрын хортой бүтээгдэхүүнүүд цусанд бий болж үүний улмаас амин чухал эрхтнүүд хордож комонд ордог.   

Мөн та дурын ойролцоох эмийн сангаасаа биен дэх сахрыг хэмжих аппарат тесттэй нь авч тогтмол гэрийн орчинд хэрэглэх эсвэл тус эмийн сан дээрээ ч хэмжүүлэх боломжтой.

Etoim.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>