Харьд харлагсад хар толгойгоо өөрөө хариуцна

Гадаадад суугаа 125 мянган иргэний тэн хагас нь хараар ажиллаж, амьдардаг
АНУ-ын Чикаго хотод амьдран суудаг манай улсын иргэн н.Зулцэцэг хэмээх эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд сураггүй алга болсон. Одоогоор Чикаго хот дахь цагдаагийн газраас түүний хэргийг мөрдөн шалгаж байгаа. Түүний унаж явсан автомашин дотроос шарил олдсон гэх мэдээлэл бий.
Уг шарил нь Монгол Улсын иргэн н.Зулцэцэгийнх байх магадлал өндөр байгаа аж. Шарилд ДНХ- гийн шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу ирэхийг хүлээж байгаа талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. АНУ-ын цагдаагийн байгууллагаас шинжилгээний хариу гартал нэлээд хэдэн долоо хоног болно гэдгийг Вашингтон дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн байна.
Энэ бол саяхны нэг л жишээ. Үүнтэй адилтгаж болох янз бүрийн хэрэгт хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд холбогдох явдал мэр сэр гарсаар байна. Сураггүй алга болсон, амь насаа алдсан, хэрэг түвэгт орооцолдсон, ял шийтгэл сонссон гээд олон хэргийн түүхээс сөхөж болно.
Хамгийн сүүлийн мэдээгээр манай улсын 125 мянган иргэн 58 улсад түр болон удаан хугацаагаар аж төрж байна. Үүнээс хууль ёсны оршин суугч нь ердөө 62 мянга аж. Сүүлийн жилүүдэд монголчууд гадаадад амьдрах, зорчих нь нэмэгдсээр байгаа. Энэ хэрээр тэдний эрхийг хамгаалах хэрэгцээ, шаардлага улам ихсэж байгааг олон жишээ харуулж буй юм.
13 улсад нийт 109 иргэн ял эдэлж, торны цаана сууж байна
Нөгөө талаас манай улсын иргэд хар тамхины хэрэгт холбогдож, эрхээ хязгаарлуулж буй чих халууцам мэдээ байнга шахам дуулдах болсон. Хэдийгээр хууль зөрчсөн нь тэдний буруу боловч Монголын төр харийн оронд байгаа иргэдээ хэрхэн хамгаалдаг бол хэмээх асуулт ургаж байна. Энд зөвхөн хэрэг зөрчлийн асуудал бус. Үүний цаана ажлын орчин, цалин, хүний эрхийн асуудал бас сөхөгдөх учиртай.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээсээ санал асуулга авчээ. Үүгээр эхнэр, нөхрийн аль нэг нь виз авч чадахгүйгээс гэр бүл салалт нэмэгддэг гэх мэдээлэл хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Дараагаар нь ажиллах орчин нөхцөл хүнд, хөдөлмөрийн эрх зөрчигддөг тухай асуудлуудыг нэрлэсэн байна.
Ер нь аливаа хүн гадаадад амьдран суугаа бол эрхээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй байдаг. Харамсалтай нь, гадаадад суугаа 125 мянган иргэний тэн хагас нь хараар ажиллаж, амьдарч байгаа учир дээрх эрхээ эдэлж чадахгүй, цаашлаад үүнээс болж хүний нутагт амь насаа алдах болсон нь нууц биш. Он гарсаар гадаадад 29 иргэн амь насаа алдсаны 12 нь өвчний улмаас таалал төгссөн байна.
Манайхан гаднын улс, тэр дундаа БНСУ-д богино хугацаанд багагүй мөнгө олох зорилгоор олноор гарах болсон. Тус улсад 35 мянган монгол иргэн байгаагийн 8000 нь албан ёсны бүртгэлтэй. Тэдэн дээр сүүлийн үед "гурван сарынхан” хэмээн нэрлэгдэх болсон иргэд нэмэгдэж байна. Тэд гурван сарын аяллын визээр тус улс руу гарч, хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг. Энэ утгаараа хамгийн хортой, хамгийн хүнд, тухайн улсынх нь иргэд барагтай бол хийдэггүй ажлын байрууд ногддог байна.
Тэрчлэн монголчууд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас эрх нь зөрчигдөж, гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байна. Энэ он гарсаар гадаадад 118 хүн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд дийлэнх нь өөрсдийн буруугаас болсон байх юм.
Он гарсаар гадаадад 29 иргэн амь насаа алдсаны 12 нь өвчний улмаас таалал төгсчээ
Монголчууд Европт хулгайчаараа, Азид хар тамхи зөөвөрлөдөг гэдгээрээ нэрд гараад буй. Өнөөдрийн байдлаар гэхэд л 13 улсад нийт 109 иргэн ял эдэлж, торны цаана сууж байна. Гадаадад ял эдэлж байгаа монголчуудын дийлэнх нь буюу 66 иргэн Хятадад байгаагийн яг тал нь хар тамхины хэргээр шийтгүүлж буй тоо баримт бий.
Харийн газраас эрдэм ч бай, мөнгө ч бай өвөртөлж ирэхээр яваад ийн хэрэг түвэгт орооцолдох, цаашлаад золгүй байдлаар гэмт хэргийн золиос болох, эрүүл мэндийн шалтгаанаар олон хүн харийн нутагт ясаа тавьсаар байгаа нь өнөөдрийн эмгэнэл юм. Тиймээс харь орныг зоригсод хар толгойгоо өөрөө л хариуцаж явах хэрэгтэй болоод байна.
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ