Гашуун сургамж давтагдах вий

1165

Гашуун сургамж давтагдах вий

 

Санхүүгийн системийн эрсдлийг хааж чадах эсэх нь хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс хамаарна хэмээн шинжээч, эдийн засагчид улиг болтол хэлж байгаа. Гэвч үүнд анхаарлаа хандуулах сөхөө төрийн өндөрлөгүүдэд үнэндээ алга. Гарын алга урвуулахын дайтай шийдвэр гаргаснаар байдлыг улам дордуулна хэмээн санхүүчид сануулж байна. Тухайлбал, энэ сарын эхээр Тавантолгойн хувьцааны 30 хувийг Засгийн газар 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гарсан. Бэлэн мөнгө тарааснаар нөхцөл байдал ямар болох талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Д.Содном "Бэлэн мөнгө тараавал эдийн засаг сүйрнэ. Мөнгө бэлнээр авснаас илүү бэрхшээл эдийн засагт тулгарна” хэмээн хэлсэн байна.

 

Үүнтэй санал нэг байгаагаа ч эдийн засагчид хэлж байна. Нөгөө талаас банкаар дамжуулан тараах дээрх мөнгө нь зээлийн төлбөрт явах магадлалтай бөгөөд ингэснээр энэ сард зээлийн эргэн төлөлт эерэг дүнтэй харагдана гэдгийг зарим судлаачид хэлж байв.

 

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ӨССӨӨР

Манай улсын хувьд санхүүгийн системийн зохистой харьцаа алдагдсан. Учир нь энэ зах зээлийн 95 хувийг арилжааны банк дангаараа эзэлдэг. Гэтэл банкуудын байдал тийм ч сайн биш байгааг статистикийн мэдээллээс харж болно. Тухайлбал, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын байдлаар 888.6 тэрбум төгрөг байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 288 тэрбум төгрөг буюу 47.9 хувиар өссөн дүн юм. Түүнчлэн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1065.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 44.1 хувиар өссөн байна.

 

Нэг хэсэг хуримтлалгүй ч зээлээр орон сууц, хашаа байшин болон хэрэглээний эд зүйлс авах боломжтой болсон нь олон өрхийг үл хөдлөх, хөдлөх хөрөнгөтэй болгосон. Нэг талаас нь харвал энэ нь сайн хэрэг. Уг нь бид алхам алхамаар урагшлан дэлхийн зах зээл, техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхсаар байгаа. Гэсэн ч хэтийдсэн боломж системийг гажуудуулж, дампуурах эрсдэл үүсгэдгийг тооцоолоогүй орхисон нь амаа барихад хүргэж байна. Хэдийгээр арилжааны банкууд өөрт үүсэх эрсдлийг тооцдог ч ажилгүйдэл, ядуурал өсч байгаа энэ үед яалт ч үгүй эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, 143.5 мянган ажилгүй иргэн байгаа тухай ажиллах хүчний судалгааны энэ оны нэгдүгээр улирлын дүнгээс харж болно. Харин өнгөрсөн сарын байдлаар 47.3 мянга ажилгүй иргэн бүртгэлтэй байж. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.1 мянга болж буурсан дүн юм. Хэдий­гээр ажилгүй ир­гэдийн тоо буурч байгаа мэт харагдавч банкны чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өссөн дүнтэй харагдаж байна. Энэ нь эдийн засгийн хямралтай хол­боотой гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэтэл сүүлийн үед ажилтай ч ца­лингаа авч чадахгүй хү­мүүсийн тоо нэмэгдсэн гэ­сэн албан бус судалгааны дүн маргаашийг өөдрөгөөр тө­сөө­лөх эрхгүй болгож буй.

 

САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ГАЖУУДАЛ ХААНА ХҮРЧ ЗОГСОХ ВЭ?

"Арилжааны банк дампуурлаа” гэх мэдээлэл ир­гэдийн дунд 2008 онд анх сенсаци тарьж бай­сан. Үүнээс өмнө төрийн өмчийн "ХОТШ”, "Сэр­гээн босголт хөгжлийн” банкууд дампуурч байсан ч нэг их олны анхаарлын төвд орж байгаагүй. Харин 2008 оны сүүлээс 2009 оны эхэн үе хүртэл үр­гэл­жилсэн "Анод” банкны дампуурлын үйл явц олон түмний нүдэн дээр ил явагдсан. Дампуурлын буруутан хэн бэ гэдэг асуудал ч мандсан. Үүнтэй зэрэгцэн "Зоос” банк дампуурсан гэх гашуун сургамж бидэнд бий. Одоог хүртэл хэл ам дагуулсаар байгаа дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Гэтэл одоо банкуудын байдал эвгүйдэж байгаа гэх мэдээ чих дэлсэв. Тиймээс санхүүгийн системээ унахаас өмнө хөрөнгийн захаа хөгжүүл гэх санхүүч, шинжээчийн хэлсэн үийг ажил хэрэг болгомоор санагдав. Ер нь энэ гажуудал хаана хүрч зогсох вэ?

 

ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Санхүүгийн системийг эрсдэлд оруулж буй гэх арилжааны банкуудын нөхцөл байдал, зохистой харьцааны үзүүлэлт ямар байгаа талаар сонирхох хэрэгтэй юм. Төвбанкнаас арилжааны банкуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байдаг. Үүнд өөрийн хөрөнгө болон эрсдлээр жигнэсэн активын зохистой харьцаа хамгийн бага төвшиндөө есөн хувьтай байдаг бол төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь багадаа 25 хувьтай тэнцэх юм.

 

Мэдээллийн технологи хөгжсөнөөр аливаа бай­гуул­лагын талаарх мэ­дээллийг өөрийнх нь цахим хуудсаас авах боломжтой болсон. Тиймээс арил­жааны банкуудын нийт эр­гэлтийн хөрөнгө, ор­лого, зарлага болон зээлийн хэмжээ, эргэн тө­лөлтийн дүнг төвөггүй харж болно. Хамгийн гол нь Монголбанкнаас тог­тоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлт ямар төвшинд байгаагаас тухайн банкны үйл ажиллагаа хэрхэн явж байгааг дүгнэдэг аж. Тухайлбал, "Голомт” банкны өнгөрсөн оны нийт актив 3.8 их наяд төгрөг байна. Харин өөрийн хөрөнгө нь 428 тэрбум 181 сая төгрөг байжээ. Түүнчлэн тус банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь энэ оны эхний улирлын байдлаар активын зохистой харьцаа 16.23 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь 35.37 хувьтай тэнцжээ. Энэ нь Төв­банкнаас тавьсан шал­гуур үзүүлэлтээс өндөр байгаа юм. Түүнчлэн "ХАС”, "ХААН”, "Төрийн банк”, "Худалдаа хөгжлийн банк”-ны тайлан ч мөн цахим хуудаст нь тэмдэглээстэй байна. Харин зарим банкуудын санхүүгийн тайлан болон Төвбанкнаас шаарддаг зохистой харьцааны үзүү­лэлтийг харах боломжгүй байсан юм. Жишээлбэл "Капитал”, "Капитрон”, "Тээвэр хөгжлийн банк”-ыг дурдаж болно. Дээрх банкуудаас мэдээлэл авахаар утсаар холбогдсон боловч тодорхой хариулт өгсөнгүй. "Капитрон” банкны тухайд эргэж ха­­риу­­лахаар болсон ч ду­гаар шилжих мөчид тайл­­­бар ирүүлсэнгүй. Харин "Тээвэр хөгжлийн банк”-ны цахим хуудас ажиллахгүй байв. Энэ тухай тайлбар хүсэхэд тус банкныхан хариулсангүй. Түүнчлэн "Капитал банк” тун удахгүй мэдээллээ оруулна гэлээ.

 

ҮНЭН ТӨРХ

Эдийн засагчдын сэрэмжлүүлж буй санхүүгийн системээ татаж унагах эрсдэл арилжааны банкинд үүссэн эсэхийг банкуудын тайлангаас харж болно. Гэвч зарим банк дээрх мэдээллээ тавиагүйгээс гадна Төвбанкнаас шаарддаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн мэдээллээ цахим хуудастаа оруулаагүй байгаа юм. Энэ байдал нь хардлага төрүүлж буй. Чухам юуны учир мэдээллээ оруулахгүй байна вэ. Зайлшгүй мэдээлэх шаардлагатай зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь хэдэн хувьтай байгаа бол. Энэ мэтчилэн асуулт хөвөрнө.

 

Үнэн хэрэгтээ Монгол­банкнаас мэдээллэдэг банкны системийн хэмжээний нийт актив өнгөрсөн оны эцэст 21.5 их наяд төгрөг, өөрийн хөрөнгө 2.4 их наяд байна гэжээ. Харин тайлангаа мэдээлээгүй "Капитрон” болон "Капитал” банк системийнхээ нийт активийн 927 тэрбум төгрөг буюу 4.3 хувийг эзэлдэг байна. Тийм ч учраас банкны системийн эрсдэл өндөр байгааг эдийн засагчид сануулсаар байгаа бололтой. Энэхүү эрсдлийг даах чадвар эдийн засагт байхгүй гэдгийг ч мөн хэлж байна. Хэдийгээр банкуудын үйл ажиллагаа хэвийн байгаа гэх албаны хуурай тайлбар хэлж болох ч бодит байдал өөр төрх харуулж буй. Магадгүй санхүүч, эдийн засагчдын сануулга оргүй хоосон зүйл биш ч байж болох юм. Хэрэв эдийн засгаа арилжааны банк татаж унагах нь гэвэл банкны системийг аль банк түрүүлж унагах бол гэдгээс энэ салбарын үнэн төрх харагдах биз ээ.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>