Нууран дээгүүр явган хүний зам тавьжээ /фото/

866

Нууран дээгүүр явган хүний зам тавьжээ /фото/

 

Дөрвөн жил хоосон ханхайж, ашиглагдахгүй байсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хоёр барилга дөнгөж сая нэг юм эзэнтэй боллоо. Нэг барилгыг нь Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, нөгөөг нь Чингэлтэй дүүргийн эмнэлэгт өгч сүр дуулиантайгаар тууз хайчлав. Тэгвэл энэ хүртэлх замыг уг барилгууд яаж туулсныг доор өгүүлэх болно. 

Монгол Улсын Хууль зүйн салбарыг толгойлж байгаа хүн алдаатай шийдвэр гаргах эрх байхгүй мэт санагдана.
Тэгвэл өдгөө УИХ-ын сонгуульд СБД-ийн 60-р тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Тэмүүжин 2012 оноос хойш хоёрхон жил Хууль зүйн сайдын албыг хашихдаа орчин үеийн шийдлээр барьсан Монгол Улсын цорын ганц эмнэлгийн барилгыг шоронжсон оффис болгох харалган шийдвэрийг гаргаснаар улсад олон арван тэрбумын хохирлыг учруулжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр босгосон энэ эмнэлгийг гурван жилийн хугацаанд хоосон байлгаж, улсад асар их хэмжээний хохирол учруулсан.

Хэрвээ тус эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол хичнээн хүний амь насыг аврах байсныг бурхан л мэдэх биз. Олон арван тэрбумын хөрөнгөөр баригдсан эмнэлгийн барилгыг шорон болгож хувиргасан Х.Тэмүүжингийн энэ харалган шийдвэрийн үр дүнд Монгол Улсын төсөв 40 тэрбум төгрөгийн хохирол амссан юм. Тийнхүү сайд Х.Тэмүүжиний харалган шийдвэр, өмнөх Засгийн газрын хүчиндэж баталсан тогтоол буруу байсныг саяхан эрх баригчид засаж, барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах эцсийн шийдвэрийг гаргажээ. Нийт 260 хүнийг хүлээн авч үзлэг шинжилгээ хийх хүчин чадалтай эмнэлэг дөрвөн жилийн дараа эргээд эмнэлэг чигээрээ ирж байна.

80 гаруй жилийн түүхтэй Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга хуучирч муудсан тул Засгийн газрын шийдвэрээр шинэ барилга барихад зориулж улсын төсвөөс эхний ээлжинд 10,6 тэрбум төгрөгийг гаргаж, барилга угсралтын ажлыг 2010 онд эхлүүлжээ. Барилгын ажлыг 2011 онд эхлүүлж, 2012 оны сүүлчээр эхний ээлж болох А корпусыг ашиглалтад өгөх гэж байтал Х.Тэмүүжин сайд дур мэдэн тэрхүү болчимгүй шийдвэрээ гаргасан байдаг аж. Тус эмнэлэгт жилдээ 4000 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг, 60-80 мянган хүнд үйлчилдэг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлдэг байсан түүхтэй.

Хууль сахиулах байгууллагын албан хаагчид, Монгол Улсын дархан хилийн манаанд зогсож байгаа хилчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг, өдгөө ачааллаа дийлэхээ больсон дээрх хоёр дүүргийн нэгдсэн эмнэлгээр үзүүлдэг байсан ард иргэдэд үйлчилдэг эмнэлгийг ийнхүү шинэ байртай болох гэж байтал 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газрын 122 тоот тогтоол гарч, хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор, иргэдэд хуульзүйн үйлчилгээ үзүүлэх төвийн зориулалтаар өөрчлөхөөр болжээ.

Удалгүй буюу 2013 оны 166 дугаар тогтоолоор хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Хууль зүйн яам, ЦЕГ-ын мөрдөн байцаах асуудал хариуцсан байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээллийн байр болгон өөрчлөх шийдвэр гарчээ.

Тийнхүү нэгдсэн эмнэлгийн байрыг булааж, яамныхаа данхар бүтцийг оруулахаар шийдсэн Х.Тэмүүжин цаагуураа юу хийж байсан бэ?! Сайдын маш нууц тогтоолоор мөнөөх нэгдсэн эмнэлгийн байрны хонгилд мөрдөн, шоронгийн зориулалтаар ашиглах корпус, эрүүдэн шүүх өрөө хүртэл байгуулжээ. Энэ бүхнийг гишүүн О.Баасанхүү илчилж, их хуралд танилцуулсан байдаг. Амь нас нь хэдэн секундээр хэмжигдэх өвчтөнийг түргэний машинаар эмнэлэг рүү шууд оруулан эрчимт эмчилгээний тасагт хүргэх хонгилыг Х.Тэмүүжин сайд бусдыг эрүүдэн байцааж, тамлан зовоож хэрэг хүлээлгэх өрөө байгуулахдаа юман чинээ тоосонгүй. Дээрх эмнэлгийн барилгыг шоронжсон оффисын барилга болгон өөрчлөн зохион байгуулах болсон тул зураг төслийн өөрчлөлтөөр барилгыг дуусгахад 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн төсөв тооцоо гарч байсан гэнэ.

Дээр дурдсан эмнэлгийн гарааш, түргэний машин зорчих хэсгийг шорон болгоход 1,2 тэрбум төгрөг зарцуулсан гэх. Энэ мөнгийг сайд Х.Тэмүүжин халааснаасаа гаргаад хийчихээгүй бөгөөд эргээд шоронг эмнэлэг болгоход тэр мөнгө түүнээс гарахгүй нь мэдээж.  Мэдээж татвар төлөгчдийн мөнгө, та бидний мөнгө тэнд урсаж таарна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилга нь А блок буюу амбулаторийн барилга, В блок буюу больниц гэсэн хоёр том цогцолбор барилгаас бүрдэж байгаа юм. Өдгөө хийгдвэл зохих барилга угсралт, заслын ажлын 95 хувь нь хийгдээд байгаа аж. 2012 оны 10 дугаар сарын 06-нд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэнэт хүрч очоод "Эмнэлгийн барилгыг контор болгоно. Та нар наад ажлаа зогсоо” хэмээн лүндэн буулгажээ. Тэр үед А блокийн заслын ажил дуусах шатандаа, В блокийн дотор ханын өрлөг дөрөвдүгээр давхартаа орж байсан гэдэг. Хоёр хоногийн дараа эмнэлгийн барилгын ажлыг зогсоох тухай захиалагчийн протокол гарснаар барилгын ажил бүрэн зогсчээ.

Тэр үед хоёр барилгад 10,1 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн байв. Мөн оны 11 дүгээр сарын 03-нд гаргасан 122 дугаар тогтоолоор А блокийг Улсын Ерөнхий прокурорын газрын контор, Б блокийг Хууль зүйн яамны контор болгох шийдвэр гарчээ. Үүний улмаас барилгын ажил 2012 оны 10 дугаар сарын 08-наас 2013 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл нэг жил 49 хоногийн хугацаанд бүрэн зогссон аж. Хэрэв Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг шоронжсон оффис болгох зориулалтаар өөрчлөөгүй бол энэ барилга 2013 оны 08 дугаар сард 12,5 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй төсөвт өртгөөр иж бүрэн ашиглалтад орох байсныг учир мэдэх хүмүүс өгүүлэв.

Эмнэлгийн барилгыг оффис болгох өөрчлөлтийн зураг төсөв 2013 оны 11 дүгээр сард гарч, А блокийг гэрээний дагуу өөрчлөн засаж, 2014 оны 04 дүгээр сард ашиглалтад өгсөн байна. Гэвч тэр цагаас хойш уг барилга ямар нэг байдлаар ашиглагдалгүй өнөөг хүрчээ. Эмнэлгийн барилгыг шорон бүхий оффис болгон өөрчлөхөд 2,734 тэрбум төгрөгийн ажил хийгджээ. 2014 оны 10 дугаар сард Монгол Улсын Их Хурал 2015 оны төсвийг батлахдаа конторын зориулалтаар өөрчилж байсан эмнэлгийн барилгыг эргүүлээд эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн байдаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах хугацаа гурван жил сунжирч, 12,5 тэрбумын хөрөнгөөр ашиглалтад иж бүрэн орох байсан цогцолбор барилга нь контор болгоход зарцуулсан 2,734 тэрбум төгрөгийг оролцуулахгүйгээр 16 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад орохоор болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо уг барилгуудын дотор ханыг буулгаж, өөрчлөн барихад өнөөгийн хүлээгдэж байгаа дутуу санхүүжилтийг оролцуулан тооцоход дахиад 5,9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Эндээс үзвэл, Х.Тэмүүжин сайдын улмаас улсад зургаан тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоо гарч байгаа юм.

Тус эмнэлэгт хэрэглэх зорилгоор орчин үеийн MRI, СТ аппаратуудыг тухайн үеийн ханшаар 4,5 тэрбум төгрөг заран байж авчирч суурилуулсан билээ. Эдгээр төхөөрөмжүүдийг Монгол Улсад авчрах гэж мэргэжлийн хүмүүс багагүй бэрхшээлтэй учирсан байдаг. СТ аппаратыг Японоос Бээжин рүү цэргийн усан онгоцоор тээвэрлэсэн бол MRI аппаратыг үйлдвэрээс нь аваад асаалттайгаар нь тусгай тоноглолтой машинаар 24 цагийн турш 15 км/цагийн хурдтайгаар 28 хоног тээвэрлэж Монголд авчирсан гэдэг. Ингэж болгоомжтой авч ирэхгүй бол багахан доргилтод уг аппарат эвдрэх аюултай байж. Онгоцоор авчрах гэхээр хаалгаар нь багтахгүй байсан аж. Ийнхүү нандигнан хамгаалж авчирсан тоног төхөөрөмжүүд хэн нэгэн сайдын гаргасан буруу шийдвэрийн хар гайгаар өнөөдөр эвдэрчихсэн хэвтэж байгаа юм.

2014 оны нэгдүгээр сарын 07-08-нд шилжих шөнө MRI аппаратны шингэн гель нь асгараад дуусчээ. Монголд авчирснаас хойш таван жилийн хугацаанд зориулалтаар нь ашиглалгүй үхмэл хөрөнгө болгоод орхичихсон уг төхөөрөмж өдгөө тоосонд дарагдаж хэвтэнэ. Тухайн үед уг төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлэх гэж байгаад эвдэлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан ч ЦЕГ-аас үүнийг үгүйсгэж, барилгын хавтан цахилгааны утсан дээр унаснаас үүдэж гэмтэл гарсан хэмээн тайлбар хийжээ. Ямар ч шалтгаантай байсан уг төхөөрөмжид ямар нэгэн хэмжээгээр эвдрэл гарсан гэж үздэг юм. Уг аппаратыг засварлая гэвэл олон зуун сая төгрөг шаардагдах гэнэ. МRI аппарат нь хавдар, мэдрэл, зөөлөн эдийн гэмтлийг өндөр түвшинд оношилдог бол СТ нь хүний биеийг 126 хэсэгчлэн маш нарийн харж, шинжлэх зориулалт бүхий төхөөрөмж юм. Азаар СТ аппарат нь ямар нэгэн эвдрэл аваагүй байгаа сурагтай.

Тус эмнэлэгт ажиллаж байсан хүмүүсийн хийсэн тооцооллоор хэрэв уг хоёр аппаратыг хөсөр хэвтүүлэлгүй ажиллуулж, иргэдийг оношилж эмчлээд явж байсан бол жилд гурван тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх байжээ. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилээр тооцвол 12 тэрбум төгрөгийн орлого олохын зэрэгцээ хэдэн хүний амь насыг аврах байсныг хэн ч хэлж мэдэхгүй биз ээ. Монголчууд жилд дунджаар 100 гаруй сая долларыг заран байж гадаад оронд очиж оношилгоо, эмчилгээ хийлгэн, валютын урсгал гадаад руу чиглэж, жирийн ард иргэд ядууран хоосорч байгаа нь гашуун үнэн билээ. Энэ их мөнгөний урсгалыг дотооддоо үлдээсэн бол Монгол Улсад л хэрэгтэй байлаа.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 290 орчим хүн ажиллаж байсан гэдэг. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шинэ нэгдсэн эмнэлэгт ажиллах хэмжээний эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор нэлээдгүй хүнийг Япон, Солонгост суралцуулж, дадлагажуулсан байдаг. Х.Тэмүүжин сайдын "Чадваргүй” хэмээн хэлсэн үгнээс болж өдгөө ажиллагсдынх нь 40 орчим хувь нь тодорхойгүй шалтгаанаар шоовдорлогдон ажлаасаа халагдаад байгаа аж.

Эмнэлгийн барилгын анхных нь зураг төсөл өдгөө хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг алдарчээ. Холбогдох хүмүүс "Зураг нь байхгүй. Барилгыг Хууль зүйн яам болгох шийдвэр гарсан даруйд албаны хүмүүс ирээд эмнэлэгтэй холбоотой бүхий л бичиг баримт, зураг төслийг хурааж авсан” гэлцэнэ.

Х.Тэмүүжиний  харсан болгоноо шорон болгох санаархал үүгээр дуусаагүй юм. Тэрбээр дээрх шоронжсон оффисоо бариулж байхдаа 2013 онд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд санаархаж, Шүүхийн шинжилгээний хүрээлэн байгуулахаар  улайрч байсан билээ. Ийнхүү наанаа хүний эрх, эрх чөлөө ярьдаг тэрбээр үнэндээ цаанаа Монголыг шоронжсон улс болгохыг санаархаж явдаг нь ил болоод байна. Иймд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг шорон болгохыг санаархсан Х.Тэмүүжинээр өнгөрсөн дөрвөн жилийн турш салхинд хийсгэсэн олон тэрбум төгрөгийг төлүүлэх хэрэгтэй биз ээ.

Түүгээр  ч барахгүй хэдэн жилийн өмнө Х.Тэмүүжин цагдаагийн дүрэмт хувцсыг 5 тэрбум төгрөгөөр Турк Улсад захиалгаар хийлгэсэн байдаг. Монголын 2000 орчим жижиг, дунд оёдлын үйлдвэрүүд ажилгүй сууж байхад тэрбээр ямар учраас Туркийг сонгосон нь ч хачирхалтай. Гэвч өнөөх загасчных шиг далбагар малгай, зугаалганд яваа юм шиг кноптой өмд зэрэг нь амьдралд нийцээгүй бөгөөд  цагдаагийн сүр хүчийг доош нь хийсэн царай муутай хувцас болсон билээ. Олон жилийн эдэлгээ даана гэж рекламдаж байсан хувцас нь жилийн дараа л жагсаалаас гарсан юм. Энэ мэтчилэн алхам тутамдаа Монгол Улсынхаа эрх ашгийн эсрэг явж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байсан Х.Тэмүүжинд энэ удаагийн сонгуулиар сонгогчид хатуухан дүн тавимаар санагдана.
Эх сурвалж: МАШ НУУЦ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>