АН-д ард түмэн “дүн тавилаа”

669

 

Бүтэн жилийн турш далд хэлбэрээр, 18 хоногийн хугацаанд нар салхи, бороо шороог үл ажран явган, мориор, машинаар, бүр нисдэг тэрэг хөлөглөн сонгуулийн сурталчилгаагаа хийсэн нэр дэвшигчид өчигдөр ард түмнээр дүгнүүллээ.

 

Урьдчилсан байдлаар, МАН илт үнэмлэхүй ялалт байгуулж, өмнөх сонгуулиар ялан дөрвөн жил засагласан АН-д ард түмэн өөрсдийн "дүнгээ тавив”. Мөн л 1996 онд илт давамгай ялан, дөрвөн жил засаг бариад 2000 оны сонгуулиар МАН-д бараг л "үсгүй арчуулж” байсан АН-ын түүх давтагдах дөхөв. 

 

Н.Алтанхуягаар удирдуулсан "Шинэчлэлийн” Засгийн газраа түлхэн унагаж, намын даргаа З.Энхболдоор сольсноос хойш АН-ын хувьд бараг л "мордохын хазгай” гэгч болсон. Түүнээс хойш нам доторх фракцуудын тэмцэл гаарч, ард түмний нүдэн дээр илт бие биетэйгээ хэмлэлдэх болсон нь ийнхүү сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөөлсөн нь гарцаагүй. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хаан, уул уурхайг зогсонги байдалд оруулсны улмаас долларын ханш огцом өсч, ард олны аж амьдрал эрс доошилсон нь бүр ч ихээр нөлөөлсөн нь мэдээж.

 

Тал талхаар өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байсан ард түмний масс ийнхүү өлссөн өдрүүдийнхээ өш хонзонг АН-аас авав бололтой. 4 жилд ганц удаа тохиолддог ард түмний Хаан Сонголт МАН-д итгэл хүлээлгэлээ.

 

Энэ агуу итгэлийг нь алдчихалгүй шиг, ард түмнээ "хүн шиг амьдруулаад” эхэлбэл МАН-ын гавьяа тэр болно.  Эс тэгвээс ард түмэн их уйдамхай, дөрвөн жилийн дараа гэлтгүй, ирэх 10 сард орон нутгийн сонгуулиар л бужигнаад эхэлнэ шүү дээ...  

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>