Тэр өдрийг бид мартаагүй ...

811

Тэр өдрийг бид мартаагүй ...

 

Үймээний үеэр таван иргэн амиа алдав

/Энэхүү нийтлэл нь 2014 онд бичигдсэн болно/ Одоогоос зургаан жилийн өмнө 2008 оны долдугаар сарын нэгний өдөр МАХН-ын/одоогийн МАН/ байрны гадна УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болж, эмх замбараагүй байдал үүсч, онц байдал зарлахад хүргэсэн билээ. Энэ үймээний үеэр н.Энхбаатар, н.Мөнх-Эрдэнэ, н.Батсайхан, н.Ганбаатар, н.Доржсүрэн гэх 25-45 настай таван залуу амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан бараан дурсамж үлдээжээ.

Тиймээс ч энэхүү өдрийг, энэ өдөр болсон үйл явдлыг, юунаас үйдэлтэй үймээн гэдгийг мартахгүй, эргэн сануулж байдаг гэрэл зургууд, дурсамжууд хүн бүрт өөр өөрийнхөө үлдсэн байна. Жагсаалд 8000 гаруй хүн оролцсон гэх албан бус тоо байдаг. Тэдний эсрэг 3000 гаруй цагдаа, хүчнийхэн хамгаалалтад гарч, тухайн нөхцөл байдлыг зохицуулахаар ажиллажээ.
 
Жагсаалд оролцсон 900 гаруй хүн саатуулагдаж, 200-д хүнийг яллалаа

Бид хэвлэлийн эрх чөлөө гэх зүйлийг энэ өдөр л жинхэнэ утгаараа мэдэрсэн. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг тагласан нь Монгол Улсад оршин тогтноод байсан хэвлэлийн эрх чөлөө нэг алхам ухарсан хэрэг болсон юм.
 
Гэхдээ дээрх хоригийг "Эмх замбараагүй байдлыг зохицуулах, дахин нэмэгдэхээс сэргийлэх зорилготой” хэмээн тайлбарлаж байлаа. Жагсаалд О.Магнай, Ж.Батзандан нар оройлон оролцсоныг гэрчлэх гэрэл зургууд олон байдаг. Тиймээс ч дээрх эрхмүүдэд хариуцлага хүлээлгэж тодорхой хугацаанд хорих арга хэмжээ авч байсныг санаж байна. Улмаар өршөөлийн хуульд хамрагдаж, ялаас чөлөөлөгдөж байлаа. Тэгвэл онц байдал зарласны дараа жагсаалд оролцсон гэх 900 гаруй иргэдийг баривчилсан бөгөөд тэдний 200-д иргэн шүүхээс ялын тогтоол уншсан байдаг. Уг үймээний асуудлаар УИХ-аас гарсан ажлын хэсгийн дүгнэлтэд "Үймээнд оролцож баривчлагдсан 998 хүний 718 нь сонгуульд саналаа өгсөн байна. Мөн тэдгээр баригдсан хүмүүсийн 91 нь өмнө нь ял шийтгэл авч байсан, 282 нь саатуулагдах  үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэжээ.
 
Тэднээс гадна дээрх үймээнийг зохицуулах зорилгоор галт зэвсэг хэрэглэх тушаал өгснөөрөө тухай үеийн цагдаагийн газрын удирдлагууд буруутсан юм. Улмаар олон удаагийн шүүх хурлаас хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг "Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан билээ. Хоригдож байх хугацаандаа дээрх эрхмүүдийн биеийн байдал муудаж, яаралтай эмчилгээ хийлгэх, хагалгаанд орох хүртэл байдал хүрч байсныг бид сайн мэднэ. Гэхдээ тэдэнд шүүхээс оноосон ялын хугацаа дуусч, суллагдаад байгаа.

11 хүүхэд, хоёр эмэгтэйд өршөөл үзүүлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ард иргэдээсээ 2008 оны долдугаар сарын 1-ны өдөр болсон үйл явдалд уучлалт гуйж "Манай улсад ийм эмгэнэлт үйл явдал дахин давтагдах ёсгүй” гэж мэдэгдэж байсан. Үймээнд шатсан МАХН-ын байрыг тун удалгүй сэргээн засварлаж, 14,6 тэрбум төгрөгөөр одоогийн Тусгаар тогтнолын ордонг боссон билээ.
Үймээн самуун болсны дараах өдрүүдэд улс төрийн намын удирдлагуудтай хийсэн уулзалтын тэмдэглэлийн зарим хэсгийг 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр олон нийтэд ил болгосон нь нэлээд шуугиан дэгдээсэн үйл явдал болж байлаа. 2009 онд тэрээр Ерөнхийлөгч байхдаа үймээнд оролцсон хэргээр ял эдэлж байсан 11 хүүхэд, 2 эмэгтэйд өршөөл үзүүлсэн байдаг байна. 
2008 оны 07 дугаар сарын 01-нээс зургаан жилийн дараа бидэнд юу үлдэв. Тухайн өдөр амиа алдсан таван хүний шарил, нэрийнхээ хуудсанд ял эдэлсэн гэх таних тэмдэгтэй 200-аад иргэн, сэтгэл зүрх нь хамт хоригдсон ар гэрийнхэн, мөн дээр нь бараан өнгөтэй дурсамжууд, зурагнууд л үлджээ. Иргэдийн саналыг луйварддаг, түүнийг эсэргүүцэж түмнийг турхирдаг эрхмүүд төрийн ордондоо налайсаар л ... Гэхдээ бид дахин тэр өдрийг давтахыг хүсэхгүй байна. Учир нь хэний өмнөөс хэн буруутан болсон бэ гэдгийг мартаагүй зургаан жилийг ардаа үлдээжээ.
 
Ами
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>