Хоргын тогооны домог
Архангай аймгийн Тариат сумын төвд Хоргын тогоо байдаг. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9000 орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, энэ нь манай орны унтарсан галт уулсын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг.
Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том, том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн "тооно”, "үүд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгүй.
Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж унтарсан гурван галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон. Тэрийг нь дээхнэ үед Зөвлөлт холбоот улс ашиглаж байсан гэдэг.
ДОМОГ
Эрт цагт энэ нутагт нэг ноён охинтойгоо амьдардаг байсан ба ноёныд улаан хөлтнийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж. Бас нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба ноёны охин тэрхүү хүүтэй хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноён эцэг нь охиноо хол нутагт баян ноён хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож, уйлсаар нуур болон үлдсэн нь Тэрхийн цагаан нуур юм.
Хайртай залуу нь уулзаж байхын тулд гол болсон ба энэ нь Суман гол. Тэрх нуурын дундуур нэг гол урсдаг нь гайхамшигтай харагддаг бөгөөд энэ нь Суман гол юм.
Ноён охиноо санан, мөн ганцааранг нь үлдээхгүй гэсэндээ нуурын хөвөөнд үргэлж суусаар хад болон үлдсэн нь нуур руу өнгийн тогтсон одоогийн Өвгөн хад билээ.