Хаалтын гэрээ хийсэн Ч.Сайханбилэгийг АТГ шалгавал зохино
Хэвлэлүүдтэй 200 сая төгрөгөөс эхлүүлээд 5 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй "Хаалтын гэрээ" гэгч гэрээний дуулиан шуугиан гарч эхэллээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоонуудтай хийсэн гэх энэхүү гэрээг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг батлан гар хөлийн үсгээ зурж, тамга тэмдэгээ дарсан байх юм. Энэхүү гэрээ гэгч канондсон мэт цаас нь олон нийтийн цахим сүлжээгээр "битүү" тарж байгаа нь гайхмаар бөгөөд "хаалтын гэрээ"-нд хамрагдаагүй зарим нэгэн шинэ залуу хэвлэлүүд, сөрөг хүчний эзэдтэй хэвлэлүүд мөн илүү түлхүү шүүмжилж байгаа харагдаж байна.
Хаалтын гэрээ хэмээгдэн олон нийтийн цахим сүлжээгээр тараад буй зурагнууд :
Уг нь "Сэтгүүлч сэтгүүлчээ гөвдөггүй" алтан дүрэм байх хэдий ч одоо цагт энэ үг хий хоосон сүржин уриа байсан мэт л аяглах боллоо. Сэтгүүчид сэтгүүлчдээ гөвшиж эхэллээ. Мэдээж гэрээг үзэглэж мөнгө цаасны баримт үйлдсэн гэх ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг зориулалтын бусаар төсвийн мөнгийг зарцуулсан, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал үүсгэсэн гэж ирээд АТГ шалгаад эхлэх хангалттай үндэслэл байна.
Гэвч нэгэн ноцтой эргэлзээнд оруулахаар зүйлс гарч ирсэн нь гэрээ хийсэн гэх газруудын нэрсийн жагсаалт байлаа. Энэхүү жагсаалт дунд АТГ-ын Иргэний зөвлөлийн хэд хэдэн гишүүдийнх нь ажилдаг, ажиллуулдаг, хувь хувьцаа эзэмшдэг, эвлэлдэн нэгдсэн холбоо болон хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээний эзэн өөрөө АТГ-ын Иргэний зөвлөлийн гишүүнээр явж байх жишээтэй.
Тэгхээр АТГ энэ гэрээг шалгаж хүчрэх үү? АТГ ашиг сонирхлын зөрчилтэй Иргэний зөвлөлийн гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж шалгах уу? Хэвлэлийнхэн дунд байгаа энэхүү үл ойлголцол цаашдаа хаа хүрэх вэ? Үнэхээр хаалтын гэрээ хийгээд нэр төр нь гутаагдсан бол Монголын телевизүүдийн холбоо ямар нэгэн тайлбар, алхам хийхүү? гэх мэт олон асуудал хөвөрч байна.
АТГ-ын Иргэний зөвлөлийн гишүүдийн нэрс :
Хаалтын гэрээ хийсэн гэгдэж буй хэвлэлүүдийн жагсаалт :
Юутай ч энэ талаар АТГ нь ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Ч.Сайханбилэгийг шалгаж эхлэх нь зүй ёсны хэрэг болох бөгөөд үүний өмнө ТҮЦ машинтай холбоотой асуудлууд дэгдэж хувийн компанируу улсын мөнгө урсаж буй тухай баримт дэлгэгдэн АТГ-аас сануулга аваад л өнгөрч байсан бол энэ удаад олон хүний нэр төр, улсын төсвийн мөнгө төгрөгтэй холбоотой томоохон дуулианыг мухарлах нь эрх зүйт төрийн нэгэн хүлээсэн үүрэг байх буйзаа.
http://tsag.mn/3814-haaltyn-geree-hiysen-chsayhanbilegiyg-atg-shalgaval-zohino.html