Д.Сосорбарам: Ардчилсан нам авилгал хоёр найз болжээ

1412

Д.Сосорбарам: Ардчилсан нам авилгал хоёр найз болжээ Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам  "С1” телевизийн VIP ярилцлагаар нэлээд ширүүн зүйл ярилаа. Тэр бүр олны өмнө гарч улстөр яриад байдаггүй Д.Сосорбарам энэ удаад АН-аа ёстой л нэг гөвөх шиг болов. Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлж эрх чөлөөний төлөө тэмцэж явсан анхны 13-ын нэг тэрээр хүсэж тэмүүлсэн хувьсгал нь ялсны дараа урлагийн ажлаа хийгээд улстөрөөс ангид хол явсаар өдий хүрсэн. Харин түүний энэ удаагийн ярилцлага олон нийтийн дунд багагүй шуугиан дэгдээж, Ардчилсан намын удирдлага, жирийн гишүүдэд том мессеж хүргэх нь тодорхой болоод байна.

 

    Юуны түрүүнд тэрээр ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэх асуудлаар намын удирдлагууд нь таг дуугүй байгаад ихэд гайхаж байгаагаа илэрхийлсэн. 1989 оны хахир хүйтэн тэр өдрүүдэд ардчиллын халуун галыг барилцаж явсан олон мянган гишүүд энэхүү баатарлаг үйл явдлынхаа ойг тэмдэглэх эргэн санах эрмэлзлэлтэй байгаа нь тодорхой. Энэ тухайд тэрээр  "Монголын ардчиллын хамгийн гол ололттой жил 1996-2000 он байсан. Энэ үед бий болсон суурин дээр Монголчуудын амьдрал одоо хүртэл явж байна. Малчид малтай болж, иргэд нь өмчтэй болсон. Гэтэл 2000 оноос иргэдээсээ эрхийг нь, өмчийг нь булааж авдаг, улстөр өгч авч наймаалцдаг, ногоон гэрлийн компаниуд гэх мэт балиар заваан бүх юм эхэлсэн. 2000 оноос хойш Монголын ардчилал гуйвж эхэлсэн.  2008 онд МАХН /МАН/ 45 суудалтай олонхи болоод Засгаа өөрөө байгуулаад явах ёстой байтал АН-ыг өвөртөө оруулсан. С.Баярын шийдсэн бугуйнд АН өөрөө гүйгээд орчихсон. Зүй нь 2008 онд АН сайн сөрөг хүчин байгаад эрх баригчиддаа хатуу хяналтаа тавиад явсан бол энэ гажуудлынхаа ядаж талыг нь залруулах боломжтой байсан. Гэтэл тэгээгүй. Монголын ардчиллын хамгийн их гуйвсан он жилүүд бол 2000-2014 он буюу өнөөдөр хүртэл. Монголд ардчилал байгуулсны 25 жилийн ойн 14 жилд нь гажуудал явагдсан байна. Тэгэхээр ардчилал байгуулсны 25 жил гээд баярлаж хөөрцөглөөд байх ёстой юмуу, эсвэл 14 жилийн гажуудлаа яаж засах вэ? гэж сэрэх ёстой юмуу. Би хувьдаа энэ ойд сэрж тэмцэх ёстой гэж бодож байна” гэсэн утгатай зүйлийг ярилаа.

 

    Үүнийгээ ярихын тулд АН Их Хурлаа хуралдуулах хэрэгтэй гэдгийг ч мөн тэрээр онцолсон юм. Ардчилсан намын Их хурал 2008 оноос хойш 6 жилийн хугацаанд хуралдаагүй. Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний талаас илүү нь төрийн албан хаагч болоод хуулиараа намын харьяаллаас гарах ёстой болчихсон. Зургаан жил их хурал нь хуралддагүй, үндэсний зөвлөлдөх хорооны тал нь эрхийн боломжгүй болчихсон байгаа нь улстөрийн намын үүднээс харахад туйлын хачирхалтай үзэгдэл юм. Энэ хугацаанд МАН л гэхэд 2 хоёр удаа Их Хурлаа хуралдуулсан байна. Намынхаа их хурлыг хуралдуулдаггүй гүйцэтгэх зөвлөл, үндэсний зөвлөлдөх хороогоо Д.Сосорбарам гавьяат хуучин цагийн улстөрийн товчоо болсон гэж дүгнэж байна.

 

    Мөн тэрээр "Ардчилсан нам авилга хоёр их найзууд болжээ. АТГ сүүлийн үед нэлээд давгүй ажиллагаанууд хийгээд байна. Ард иргэдээс эрхийг нь хулгайлж, өмчийг нь булаадаг тийм балиар юмнуудтай тэмцээд эхлэхээр саад, хаалт хийгээд байгаад гайхаж байна. Бид ийм ардчиллын төлөө яваагүй. Хүмүүсийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, өмчийг нь хамгаалдаг төртэй байхын оронд юм бүхэнрүү нь хутгалдаж булаадаг төртэй болж байна. Эрх чөлөөг авчирсан АН өөрөө эрх чөлөөг нураах гээд байна” гэх мэтээр намын удирдлагуудынхаа бодлого үйл ажиллагааг хатуу шүүмжилсэн юм.

 

    Эцэст нь ардчиллын 25 жилийн алдаа оноогоо ярилцахын тулд намын их хурлаа хуралдуулах шаардлагатайг онцлоод АН-ын гишүүдээ тэмцэлд уриалж "Та бүхэн амьд сэрүүн байгаа бол сэрээчээ”гэж хэллээ.Мөн "Зургаан жил их хурал нь хуралддаггүй улстөрийн нам гэж байдаг юм уу?" гэж асууж байна.

 

    Мөн АН-ын их хурлыг хуралдуулахын тулд  МоАХ болон ардчилсан хүчний холбоо эвсэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэв. Х.Баттулгын тэргүүлсэн МоАХ, З.Энхболдын тэргүүлсэн Ардчилсан хүчний холбоог эвсүүлэх санаачлагын ард харин ямар утга агуулга оршиж байна вэ? энэ тухай дараагийн цувралд өгүүлэх болно.    

                                                                                                                                                                            Т.Цагариг

24 tsag mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>