Хор, хоол хоёрыг ялгаж өгөөч Д.Батмөнх дарга аа

657
Мэргэжлийн хяналтын газрыг шан харамж харж мөнгөтэй бийлэгжүү нэгний талд үйлчилдэг гэх яриа оргүй биш бололтой.

Энэ яриаг батлах мэт нэгэн явдал өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж хэвлэлийн хурал зарлаж хүнсний нэ­мэлт бүтээгдэхүүн ашиг­ладаг үйлдвэрүүдэд шалгалт хийсэн тухайгаа их л сүр дуулиантайгаар мэ­дээл­сэн юм. Тэдний хийсэн шал­галтаар манай хүнсний үйлд­вэрүүд хүний биед хор­той нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж байгааг тогтоосон юм байх.

Эдгээр нэмэлт бүтээг­дэхүүнүүд нь хорт хавдар үүсгэх эх үүсвэр нь болж, ургийн гажгийг ч бий болгох магадлал өндөртэй хэмээн тэд мэдээлсэн.

Тэгсэн хэрнээ үндэсний хэмжээний ямар, ямар том компаниудын бүтээгдэхүүн монголчуудыг хордуулаад байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад, тэрбээр "Энэ удаа нэрийг нь хэлэхээс тат­галзаж байна” гэсэн хариулт өгч олон хүнийг гайх­шируулсан юм. Уг нь тэд шалгалтаараа сүү, бялуу, гурил, махан бүтээг­дэхүүний үйлдвэрүүд хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж бай­гааг илрүүлсэн аж.
Гэтэл тэд ард ир­гэ­дийгээ аль үйлдвэрийн хүнс­ний бүтээгдэхүүнээс бол­гоомжлох ёстойг хэлсэнгүй.
Энэ нь нийгэмд айдас хургуулаад зогсохгүй зарим нэгэн үйлдвэрүүдийн бизнес үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.

Хатуухан хэлэхэд тус газрынхан ажил хийж байгаа мэт харагдахын тулд жирийн нэгэн Дорж, Дулмаагийн үйлдвэрт шал­галт хийгээд түүнийгээ л олон нийтэд дэлгэдэг болохоос эрх мэдэл бүхий албан тушаалтны нөмөр нөөлөгт нуугдагсдын зөрч­лийг илрүүлсэн ч түүнийг нь хав дараад өнгөрдөг нь нууц биш юм.

Тухайлбал тэдний энэхүү мэдээллээс болж хамгийн их хохирсон хүмүүс нь хувиараа бизнес эрхлэгчид. Учир нь жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесээр зээл авч гурил, гурилан бүтээгдэхүүн хийдэг хэд, хэдэн үйлдвэрлэгчид тус газрын мэдээллийн дараа худалдан авалт эрс буурч байна гэж гомдоллосон юм.

НМХГ-ынхныг дээрх мэдээллийг хийсний дараа манай редакци руу олон хүн утасдаж "Бид ямар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзах ёстой юм бэ. Та нар энэ талын мэдээллийг ард иргэддээ үнэн зөвөөр нь гаргаж өгөөч. Тэгэхгүй бол бид ямрыг нь хэрэглэх, ямраас нь татгалзах ёс­тойгоо мэдэхгүй байсаар хор­дож үхэх аюулд хүрэх нь байна” гэж байсан юм. Яг үнэндээ бид нар ч дээрх иргэд шиг мэдээлэл хомс байгаа.

Эндээс үзэхэд нэрийг нь нууцалж буй компаниуд энэ хэдэн хоногт хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн ар иргэдэд худалдсан бол гэдэг нь өөрөө асуулт юм.

Мөн хүний биед хор­той хүнсний нэмэлт бүтээг­дэхүүнийг ашиглаж байгаа үйлд­вэрүүдийг мэдсэн мөрт­лөө яагаад нэрийг нууцлах болов гэдэг нь ч асуудал.

Хэдийгээр ийм асуудалд бизнесийн байгууллагын нэр хүнд дагалдан явдаг ч ард ир­гэдийн амь арай илүү гэд­гийг мэргэжлийн хя­налтын удирдлагууд тө­дийгүй бай­цаагчид нь мэ­дэж л баймаар.

Тус газрынхан уг нь "Монгол Улсын нутаг дэвс­гэрт хууль тогтоомжийг са­хиулан, хүний болон нийг­мийн тогтвортой хөг­­­­жил, бизнес эрхлэх таа­тай орчинг дэмжиж, ир­­гэдийн эрүүл, аюулгүй ор­чинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйл­чилгээ хэ­рэг­­лэх нөх­цөлийг бүр­дүү­лэ­хэд ор­шино” хэ­мээн зорил­годоо тунхаг­ла­сан бай­даг байна.

Гэтэл тэд энэ удаа ир­гэдийнхээ эрүүл мэндийг умартаж зөвхөн биз­несийн таатай орчинг бүрдүү­лэхийн тулд хор үйлд­вэрлэж байгаа ком­паниудын нэ­рийг энэ удаа зарлахаас цааргаллаа.

Хэрвээ нэр нь нууц­лагдсан үйлдвэрүүдийн бү­тээгдэхүүн хүний амь нас эрүүл мэндийг хохироосон нь нотлогдвол МХЕГ, НМХГ давхар хариуцлага хүлээх нь дамжиггүй.

Тиймээс МХЕГ-ын дар­га Д.Батмөнх та нууцын зэрэглэлтэй байгаа энэхүү мэдээллийг ил болгож шу­дарга үнэнчээр ажиллахыг албан хаагчддаа сануулахад илүүдэхүй биз ээ.

Өөрөөр хэлбэл тэдний энэхүү нууцласан мэдээл­лийн ард хэн гэгч эрхмийн ямар нууц хадгалагдаж байгааг танай байцаагч, үйлдвэрлэгч хоё­р сайн мэдэж байгаа.

Иймд хор, хоол, хоёрын ялгааг түмэнд хэлж өгөх нь таны үүрэг гэдгийг са­нуулъя, Х.Батмөнх дарга аа.



Р.Саруул





Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.