ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 72 ЦАГИЙН ЗОГСОЛТ ХИЙНЭ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа. Ажил танилцах үеэр Ус сувгийн удирдах газраас Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, засвар шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл хийсэн.
Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дундажаар 160000-180000 м3 бохир усыг хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлдэг.
Засвар шинэчлэлтиийн ажлын хүрээнд лаг шахах 1700 метр далд шугамыг ил болгон шинэчлэн, лагийн буцах усны 3800 метр шугамыг угааж, худгийг лайдаж цэвэрлэн, ТЭЦ-ийн үнсний талбайн урд талын нуурын устай, цэвэрлэх байгууламжийн ус нийлэн цаашлан Туул голд нийлдэг байсныг салгасан. Цөөрмийг Bio-Cleaner тоног төхөөрөмжөөр цэвэрлэж байгааг танилцуулсан.
Хотын Ерөнхий менежер "Одоо хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Хүлээгдэж байгаа төсөв санхүүгийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” гэсэн. Энэ үеэр Төв цэвэрлэх байгууламжид 72 цагийн зогсолт хийх хүсэлт тавьсаныг зөвшөөрч ажлын гүйцэтгэлийг маргааш нь газар дээр очиж шалган засвар шинэчлэлтийн ажлыг цаашид хэвийн явуулахыг үүрэг болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.