ИРЭЭДҮЙД ХАМГИЙН “ЭРЭЛТТЭЙ - 10” МЭРГЭЖИЛ (2010 - 2020)
Мэргэжлээ зөв сонгоно гэдэг насан туршийн зорилгынхоо талыг биелүүллээ гэсэн үг гэдэг дээ. Залуусын дийлэнх нь эцэг, эхээсээ зөвлөгөө авах эсвэл найз нөхөдтэйгээ зөвлөх байдлаар мэргэжлээ сонгодог нь нууц биш. Мэдээж ардчилсан улсад амьдарч буй эрх чөлөөт залуусын хувьд өөрийн хүслээр мэргэжлээ сонгодог нь ч цөөнгүй. Гэвч өнөөдөр Монголд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байгаа талаарх мэдээлэл танд хэзээ ч илүүдэхгүй болов уу. Учир нь, их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн нэгэн болохыг хэн ч хүсэхгүй. Тиймээс Монголд одоо ч эрэлттэй, ирээдүйд "хэрэгцээ шаардлага нь нэмэгдэх” мэргэжлүүдийн талаарх мэдээллийг танд хүргэе. Хамгийн гол нь доорх мэргэжлүүдийн нийлүүлэлт нь одоо ч, ирээдүйд ч эрэлтээ гүйцэхгүй байна. Учир нь доорх мэргэжлийн боловсон хүчнүүд Монголд хамгийн өндөр цалинтайд тооцогдож байгаа юм.
1. Химийн инженер
Хүнс, эм, барилгын материал, хуванцар, түлш зэрэг хүний хэрэгцээт бүхий л зүйлийг шинээр зохион бүтээх, үйлдвэрлэн бий болгогч, хөгжүүлэгч нь химийн инженерүүд байдаг тул тэд маш өргөн цар хүрээнд, олон төрлийн салбарт ажиллаж чаддаг байна.
2. Нано, биотехнологийн инженер
Өчүүхэн жижиг хэмжээнд явагдаж байгаа процессуудыг ашиглаж дэвшилтэт технологийг бүтээдгээрээ нанотехнологич маш эрэлттэй, маш гайхалтай мэргэжлийн нэг болоод байна. Монголд энэ чиглэлийн бэлтгэгдсэн боловсон хүчин гарын таван хуруунд багтана. Гэтэл өндөр цалин хангамжтай энэхүү ажлын байрны орон тоо зарын сайтыг дүүргэсэн байна гээд төсөөл дөө.
3. Хүрээлэн буй орчны мэргэжилтэн
Хотжиж, нийгэмших тусам экологийн асуудал, хүний хүрээлэн буй орчны асуудал хурцаар тавигдсаар байна. Эрүүл цэвэр ус, агаар, газраар хангах, бохирдсон газар нутгийг нутгийг судлах мэргэжилтэн одоо ч, ирээдүйд ч Монголд нэн хэрэгцээтэй.
4.Үйлдвэрлэлийн автоматжуулалт
Компаниуд 1000 ажилтан авч ажиллуулахын оронд сүүлийн үеийн автомат машин нэгийг авахыг эрмэлздэг болж. Шинэ технологи Монголд нэвтрэхийн хэрээр үүнийг ажиллуулдаг боловсон хүчин маш бага байна. Цалин нь ногооноор тавигдана гэж л бод.
5. Барилгын инженер
Барилгын зах зээлийн халуурал ойрын 20 жилдээ буурахгүй гэсэн албаны тооцоо бий. Барилгын инженер болоод ажил дээр гарангуутаа компанитайгаа орон сууцны гэрээ байгуулаад ажиллаж байгаа өч төчнөөн хүн байна. Лангууны ард гиюүрч зогсохоор барилгын инженер болоод сайхан амьдар!
6. Цахилгааны инженер
Барилга, орон сууц нэмэгдэхийн хэрээр цахилгааны инженерийн орон тоо нүдний гэм боллоо. Хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгодог, хүмүүст гэрэл түгээж амьдардаг салбарт мэргэжил эзэмшсэнээр хожно уу гэхээс алдсан хүн байхгүй байх.
7. Механик инженер
Онгоц, усан онгоц, машин, сансрын хөлөг, мотор хөдөлгүүр хийхийг хүсч байгаагүй хүүхэд гэж үгүй. Бодит нүдэнд харагдах зүйлсийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг механикийн инженерийн хэрэгцээ Монголд улам л нэмэгдсээр байна.
8. Программ хангамж
Мэдээллийн салбараас хамгийн олон саятан, тэрбумтнууд төрж байна. Тэдний ажиллах цар хүрээ өсөн нэмэгдсээр бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэггүй хүн энэ дэлхийд хаана ч алга. Хүсвэл Билл Гейтс шиг бол. Чадвал Стив Жобс шиг алдарш. Таны боломж хязгааргүй.
9. Эмч
Шүдний, рентгений, физик эмчилгээний, чих хамар хоолой, ярианы согогийн эмч нар улам эрэлттэй байна. Сувилагч, эм зүйчийн мэргэжилтнээр эмнэлгүүд цангаж байна.
10. Багш
Багш нар дотроо бага ангийн багш нараар Боловсролын салбар хомсдолд орсон. Нөгөөтэйгүүр, БШУЯ-ны шинэ журмаар багшлах гэрчилгээг шалгалтаар авдаг болсон. Та ч мэргэжлийг нь эзэмшээд, шалгалтыг нь өгөөд энэ сайхан салбарт яагаад ажиллаж болохгүй гэж.
11. Цагдаа
Үймээн самуун, гэмт халдага, алан хядах үйл ажиллагаа, эмх замбараагүй явдал дэлхийд маш их гарч байна. Тусгаар тогтносон улсын хувьд Монголд ч цагдаагийн офицер, хэв журам сахиулагч эрэлттэй хэвээр байна. Улсын статустай ганц сургууль боловсон хүчин бэлтгэдэг нь хомсдлыг нь арилгаж чадахгүй байна гэж шүүмжлэх хүн ч бий.
12.Маркетингийн менежер
Компаниуд туршлагатай, бүтээмж өндөртэй энэхүү боловсон хүчнийг өндөр цалин, хангамжаар авахад бэлэн байсаар байна. Ажлаа хийсэн шиг хий, цалин, хангамж, урамшууллыг чинь хангалттай өгье. Ийн амлах компани, байгууллага борооны дараах мөөг шиг л байна.
13. Малын эмч
Ний нуугүй хэлэхэд Монголд малын эмчийн мэргэжилд зарим нь голонгуй хандах нь ажиглагддаг. Үнэндээ голсон юм голд гэдэгчлэн малын эмч мэргэжил эзэмшсэн хүн таны авдаггүйг авч, эдэлдэггүйг эдлээд явж байна гээд төсөөл дөө. Ирээдүйд бүр хаданд гарах юм гэнэ лээ.
2. Дэлхийд
Ирээдүйд хамгийн эрэлттэй төдийгүй цалин ч өндөртэй ажил мэргэжлүүдийг жагсаан гаргасан энэхүү мэдээллийг Америкийн Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан байна. Энэхүү жагсаалт нь багаар бодоход 1000 гаруй ажлын байрыг жагсаасан судалгаанд үндэслэсэн бөгөөд эдгээр ажлын байр, мэргэжлийн боловсон хүчний эрэлт ирэх 8 жилд буюу 2010 - 2020 он гэхэд 60% хүртэлх хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргаад байгаа юм.
Оптометрист
Дундаж цалин: $94.990
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 11.300
Эрэлт ихтэй мужууд: Хавай, Хойд Дакота, Монтана
Хараа зүйн нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан энэ мэргэжлийн зорилго бол орчлонг тольдох онцгой эрхтэн болох нүдээ үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчийн нүдний гэмтлийг оношлох, харааг нь шалгаж шаардлагатай бол тохирсон шил, линзийг нь тааруулж, захиалж өгөх зэргээр нүдтэй холбоотой бүхий л мэдлэгийг бүрэн эзэмшсэн Докторын зэрэгтэй мэргэжилтэн байх хэрэгтэй юм. Сайн ажиллавал $166.400 ам.долларын нэмэлт цалинг авах боломжтой юм. Нас ахих тусам хүний хараа мууддаг учраас ирээдүйд Америк оронд энэ төрлийн мэргэжилтэн 33.1% болж нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Нарийн мэргэжлийн эмч / Эмчийн туслах
Дундаж цалин: $72.320
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 36.400
Эрэлт ихтэй мужууд: Мэн, Массачусетс, Нью Хэмпшир
Өвчтний авсан шархыг цэвэрлэж боолт хийж өгөхөөс эхлээд тухайн өвчтөнд өдөр тутмын ажил амьдралдаа мөрдвөл зохих бүхий л чадвар, мэдлэг мэдээллийг түгээх үүрэгтэй энэ мэргэжилтэн хамгийн багаар бодоход Магистрын зэрэгтэй байх хэрэгтэй. 2020 он гэхэд энэ мэргэжлээр ажиллагсдын тоо 145.200 болох судалгааны дүн гарчээ.
Малын эмч
Дундаж цалин: $82.040
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 22.000
Эрэлт ихтэй мужууд: Монтана, Колорадо, Айова
Амьтанд хайртай, тэднийг анагаах чинхүү хүсэлтэй энэ мэргэжлийг сонгосон Докторын зэрэгтэй 22.000 хүний ажлын байр ирэх 10 жилд АНУ-д нээлттэй байх ажээ. Гадаа гэрийн гэлтгүй өвчтэй амьтдад туслах эмч бэлтгэдэг мэргэжлийн 28 их дээд сургууль АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Биохимийн инженер
Дундаж цалин: $81.540
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 9700
Эрэлт ихтэй мужууд: Юта, Массачусетс, Миннесота
Хиймэл эрхтэн, суулгац болон рентген зургийн төхөөрөмж дээр чөлөөтэй ажиллах чадвартай математик, техник, биологи, химийн мэдлэгтэй мэргэжилтнүүдийн тоо ирэх 2010 - 2020 онд 61.7% эрэлттэй байх ажээ. Цалингийн хувьд дээр дурьдсанаас гадна $126.990 болгож нэмж авах боломжтой бөгөөд эрүүл, идэвхитэй зөв амьдралын хэв маягийг эрхэмлэгч ухамсартай иргэдийн тоо эрс нэмэгдэж байнгын үзлэг шинжилгээнд хамрагдах эрмэлзлэлтэй байгаатай холбоотойгоор энэ мэргэжлийн эрэлт нэмэгдэх гэнэ.
Шүдний эрүүл ахуйч
Дундаж цалин: $68.250
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 68.500
Эрэлт ихтэй мужууд: Мичиган, Юта, Айдахо
Энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 250.000 гаруй мэргэжилтний эрэлт АНУ-д их байгаа нь тоон үзүүлэлтээс илэрхий харагдаж байна. Шүдний рентген зураг авч, шүдийг цэвэрлэх гол үүргийг тэд л гүйцэтгэж, эмчилгээнд бэлтгэдэг ажээ. Ер нь амны хөндийн эрүүл ахуйг хүн төрөлхтний эрүүл байх хамгийн гол үндэс гэж үзэх нь зүй бөгөөд амны хөндийгөөр дамжиж хоол хүнс биед шингэдэг учир амны хөндий эрүүл байх нь чухал юм.
Физик эмчилгээний эмч
Дундаж цалин: $76.310
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 77.400
Эрэлт ихтэй мужууд: Род Айленд, Вермонт, Мэн
Шилдэг нь байж чадвал $107.920 ам.долларын цалин авах боломжтой энэ мэргэжил бол биеийн тамирын дасгал хөдөлгөөний зөв голдрилийг зааж чиглүүлэхээс эхлээд тухайлсан гэмтэлтэй хэсгийн эдгэрэлтийг түргэсгэх идэвхитэй, зөв техник эмчилгээг хийх хариуцлагатай ажил билээ. 2020 он гэхэд энэ чиглэлээр мэргэшсэн эмч нарын эрэлт 39% нэмэгдэнэ.
Маркетингийн мэргэжилтэн
Дундаж цалин: $60.570
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 116.600
Эрэлт ихтэй мужууд: Делавэр, Массачусетс, Нью Йорк хот
Зах зээлийн судалгаа шинжилгээ хийж, өнөөгийн болоод ирээдүйн зах зээл, арилжаа бараа бүтээгдэхүүн, наймааны чиг хандлагыг урьдчилан таамаглах, үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр өрсөлдөөнт зах зээлийн нийгэмд маркетингийн алба хариуцсан мэргэжилтнүүдийн үүрэг роль нилээд өндөрт тавигддаг билээ. Наанадаж Бакалаврын зэрэгтэй байх шаардлагыг тавьдаг эл мэргэжлийн хувьд 2020 он гэхэд АНУ-д 400.000 болж өсөх ба сайн ажиллах юм бол жил бүр $111.440 ба түүнээс дээш орлоготой байх ажээ.
Оношлогооны мэргэжилтэн
Дундаж цалин: $64.380
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 23.400
Эрэлт ихтэй мужууд: Флорида, Өмнөд Дакота, Род Айленд
Энэхүү мэргэжилд тавигдах шаардлага нь мэргэжлийн үнэмлэхтэй байх, хэт авиан оношлогооны төхөөрөмж дээр ажиллаж, гарсан үр дүнг өвчтөнд үнэн зөвөөр хэлж ойлгуулах чадвартай байх явдал юм. Цалингаа жил бүр $88.490 ам.доллар болгон өсгөх боломжтой энэ ажлын байр ирэх 8 жилд 77.100-д хүрнэ.
Дотрын эмч / Салбарын эрдэмтэн
Дундаж цалин: $76.700
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 36.400
Эрэлт ихтэй мужууд: Калифорния, Вашингтон, Массачусетс
Хүний биеийн анатомийг гаргаахгүй мэддэг эрдэмтэн эмч нарын эрэлт их дээд сургуулиуд болон судалгаа шинжилгээний багаар ажиллах байгууллагуудад нилээд өндөр байдаг гэнэ. Тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд нь $142.800 ам.доллараар цалинжих боломжтой бөгөөд тэдний эрэлт 2020 он гэхэд 136.000 хүрэх юм.
Чихний эмч
Дундаж цалин: $66.660
2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 4800
Эрэлт ихтэй мужууд: Нью Мексик, Колорадо, Баруун Виржиния
Сонсгол хэвийн эсэхээс эхлээд чихний эрүүл ахуйтай холбоотой аливаа эмгэгийг илрүүлэх, эмнэх үүрэгтэй мэргэжилтнүүдийн тоо 2020 он гэхэд 17.800 гаруйд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Шилдэг эмч нар $102.210 ам.долларын цалин авах магадлал өндөр юм байна.
Ж.ЭРДЭНЭ