Үлгэрийн мэт азтай энэтхэг эр
Энэтхэгийн иргэн, 62 настай Мохаммад Башир Абдул Хадарт сүүлийн долоо хоногийн дотор хоёр удаа гайхалтай аз дайрчээ. Тэрээр Дубайн нисэх буудал дээр шатсан Боинг-оос золоор амьд гарч, дараахан нь сугалаанд сая доллар хожсон байна.
Энэ энэтхэг эр Дубайд 37 жил амьдарч байгаа бөгөөд тэрээр амралтаараа Энэтхэг явахын өмнөхөн уг азтай сугалаагаа худалдан авсан гэнэ. Түүнийг нутаг явахынхаа өмнө сугалаа үргэлж худалдан авдаг байсан талаар орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. Харин энэ 17 дох удаагийн сугалаа нь түүнд аз авчирсан аж.
"Би нисэх онгоцны сүйрлээс амьд үлдэх үед Бурхан намайг хоёр дахь амьдралаар шагнаж байгаа мэт сэтгэгдэл төрж байсан. Харин энэхүү сугалааны мөнгөөр миний сайн үйлсийн төлөө шагнаж байгаа бололтой” гэж азтан Хадар өгүүлжээ.
Гэнэт орж ирсэн энэхүү их мөнгөнөөсөө нэлээн их хувийг нь Керала мужийн хүүхдүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байгаа тухайгаа тэрээр дурдсан байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN