Тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун олгохоор боллоо
2016 оны ургацын төлөв байдал, хураалтын бэлтгэл ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ургац хураалтад бэлтгэх ажлын хүрээнд "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны зээлийн үлдэгдлийн эх үүсвэрийг шийдвэрлэж, зээл олголтыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгав.
Мөн ургац хураалтад шаардагдах 6 мянган тонн шатахууныг 50 хүртэл хувийн урьдчилгаатай, төлбөрийн үлдэгдлийг намрын ургацаас нөхөн олгох нөхцөлтэйгээр зээлээр олгохоор болжээ. Тус ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.
Энэ намар улсын хэмжээнд нийт 491.2 мянган га талбайд ургац хураалтын ажлыг зохион байгуулах бөгөөд үүнээс үр тариа 375.3 мянган га, төмс 14.2 мянган га, хүнсний ногоо 7.8 мянган га, тосны ургамал 63.8 мянган га, тэжээлийн ургамал 25.3 мянган га, эмийн ургамал 4.2 мянган га, жимс, жимсгэнэ 317 га-д тус тус хураалт хийнэ. Энэ жилийн хувьд ургацын болц эрт байгаа тул хураалтын ажил урьд жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байгаа юм.
eagle.mn