Улаанбаатар хотод Энэтхэг, Монголын хамтарсан сургууль барина

751

Улаанбаатар хотод Энэтхэг, Монголын хамтарсан сургууль барина

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабу "Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин Сайдын яамнаас Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа үргэлжлүүлж, олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна. Өнгөрсөн онд манай улсын Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатар хотод төрийн айлчлал хийж, Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар болсон. Үүний хүрээнд төрийн захиргааны албан хаагчдыг англи хэл, мэдээллийн технологи, санхүү, удирдлагын чиглэлээр сургалтад хамруулах боломжтой” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хотод байгаа Махатма Гандийн гудамжийг тохижуулах, Энэтхэг Улсад болох соёлын арга хэмжээнүүдэд уран бүтээлчдээ оролцуулах, хоёр улсын хамтарсан сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Улаанбаатар хот, Бүгд найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамтай олон салбарт хамтран ажиллаж, харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно. АСЕМ-ын уулзалттай холбогдуулж, нийслэлийн олон гудамж, талбайг тохижуулсан. Үүний нэг нь Махатма Гандийн гудамж юм. Энэхүү гудамжийг дахин ямар байдлаар тохижуулах талаар таны саналыг сонсож, ажил хэрэг болгох болно. Энэтхэг, Монголын хамтарсан сургуулийн газрыг судалж, танай улсад болох соёлын арга хэмжээнд уран бүтээлчиддээ оролцуулах боломжтой” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>