Хүүхдээ алдсан ээжүүдийн холбоо 2000 дахь жагсаалаа хийв
Аргентины хүний эрхийн төлөө тэмцэгч "Mothers of Plaza de Mayo” ээжүүдийн холбоо нийслэл Буэнос-Айрес хотод 2000 дахь жагсаалаа хийжээ. "Mothers of Plaza de Mayo” бол Аргентины 1976-1983 оны цэргийн хунтын дэглэмийн үеэр "алга болсон” хүүхдүүдийн ээжүүдийн холбоо юм.
Хүүхдүүдэд нь чухам юу тохиолдсныг олж мэдэхийн тулд тус холбооны ээжүүд 1977 оноос хойш долоо хоногийн пүрэв гараг бүрт нийслэл хотын төв талбайд жагсаал хийсээр иржээ. Тус холбооны үзэж буйгаар, 1976-1983 онд 30 мянга орчим хүн амь үрэгдэж, сураггүй болсон байна. "Mothers of Plaza de Mayo” холбооныхныг дэмжигч хэдэн мянган хүн өчигдөр ерөнхийлөгчийн ордны өмнөх талбайд цуглажээ. Холбооны гишүүдийн олонх нь өдгөө 80 хэдийн гарсан настай хүмүүс бөгөөд тэдний зарим нь бусдын туслалцаагүйгээр алхаж ч чадахгүйд хүрчээ. Ерөнхийлөгч Макри энэ долоо хоногийн эхээр "Buzzfeed” цахим хуудсанд ярилцага өгөхдөө "30 мянган хүн амь үрэгдсэн гэдэг яг үнэн эсэхийг би мэдэхгүй юм. Энэ тоо яг зөв гэдэг нь эргэлзээтэй” гэсэн юм.
Летисия Ангерола гэх нэгэн эмэгтэй өчигдрийн жагсаалын үеэр "Макригийн үг хохирогчдын ар гэрийнхний зүрх сэтгэлийг шархлууллаа” гэжээ. Түүний ах болон эгч нь цэргийн дэглэмийн үеэр сураггүй болсон аж.