Д.Медведев: Бид барууны орнуудад хариу барих хэрэгтэй болно

1433

Д.Медведев: Бид барууны орнуудад хариу барих хэрэгтэй болноОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев "Ведомости” сонинд улс орныхоо эдийн засаг, гадаад улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар ярилцлага өгснийг товчлон хүргэж байна.

 

-Украин дахь хямрал, шинэ бүс нутгийг нэгтгэсэнтэй холбоотойгоор эдийн засаг болон хөрөнгө оруулалтын нөхцөл өөрчлөгдсөн нь гарцаагүй. Бизнесийнхэн бэлтгэж байснаасаа өөр нөхцөл байдалд ажиллаж байна. Тиймээс бизнес, эдийн засгийнхны хувьд ямар чиг баримжаа өгөх вэ. Өмнөх чиг баримжаанаас аль нь хэвээр үлдэж, алийг нь сайн цаг иртэл хойшлуулсан бэ?

 

-Эдийн засаг, улс орныг хөгжүүлэх, иргэдийн хувьд хүнд үе тулгараад байна. Гэхдээ төр засгийн удирдагчдын нэгний хувьд шулуухан хэлэхэд бид 2008 оноос гаднын нөлөөнд амьдарч байна. Урьд ч амар хялбар байгаагүй. Өмнөх зорилтуудыг яг төлөвлөсөн хугацаанд нь биелүүлж чадахгүй ч зорилтуудыг өөрчлөхгүй. Зарим нэг үзүүлэлтийг нь өөрчлөх шаардлагатайг ойлгож байгаа. Эдийн засаг гадны нөлөөллөөс гадна бүтцийн доголдолтой байна. Бид эдийн засгийн өсөлт хавьгүй өндөр байна гэж өмнө нь төлөвлөсөн бол энэ оны хувьд 0.5 хувь юмуу үүнээс бага зэрэг илүү байх магадлалтай болсон. Үүнээс гадна ирэх онд нэг хувь өсөх төлөв гарсан нь тун бага үзүүлэлт. Гэхдээ дэлхий тэр аяараа хүнд нөхцөлд байна. Европын эдийн засаг энэ онд 0.9, АНУ-ынх хоёр хувь орчим өсөх төлөвтэй. Дэлхийн хэмжээнд ДНБ гурав орчим хувь өсөх бололтой. Хятад зэрэг эдийн засаг нь хурдтай өсч буй зарим орноос бусад нь манайхаас өөрцгүй нөхцөлд байна

 

-Та Орос болон барууны орнуудын хооронд зөрчилдөөн удаан үргэлжилж, улам даамжирна гэж үзэж байна уу?

 

-Хориг арга хэмжээ гэдэг аль аль талдаа хохиролтой. Тиймээс хориг арга хэмжээ эхэлж зарлаж байгаа тал өөрийгөө бас хязгаарлалтад өртүүлдэг. Хэн нэгэнд муу зүйл хийх гэж оролдвол өөртөө хүндрэл учруулдаг. Хүн төрөлхтний түүхэнд хориг арга хэмжээг олонтаа авч хэрэгжүүлж байсан. Заримыг нь НҮБ-ын хүрээнд хуулийн дагуу, нэг хэсгийг нь цөөн тооны орон хууль бусаар хэрэгжүүлсэн. Гэхдээ хэзээ ч сайн үр дүнд хүрч байгаагүй. Үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй байсан ч энэ бол хязгааргүй үргэлжлэх зүйл биш. Эдийн засгийн хориг эхэлж авсны хариуд улс төрийн хориг авдаг ба улс төрийн арга хэрэгсэл нь эдийн засгийнхаас дутахгүй хохирол учруулдаг. Улс төрийн хориг арга хэмжээнээс болж дэлхий дахинд аюулгүй байдал алдагдаж болно. Барууны түншүүд маань үүнийг хүсээгүй, тэдний дунд ухаан солиорсон хүмүүс байхгүй гэдэгт найдъя. Олон нийт мартсан нэг жишээ татъя. Тянаньмэний талбайд 1989 болсон хэрэг явдлын дараа Хятадын эсрэг хориг тавьсан. Тэдгээр нь Оросын эсрэг тавьж буй хоригтой төстэй байв. Тэгвэл одоо Хятадын эдийн засгийг хар. Хоригоос болоод эдийн засгийн хөгжил нь саарсан гэж үү. Үгүй. Тэд 1980-аад оны эхэнд тавьсан зорилтоосоо гажив уу. Үгүй. Эдийн засаг нь амжилттай юу. Эргэлзэх юм алга. Хятадын эдийн засаг удахгүй дэлхийд тэргүүлнэ. Хятад нийгмийн байгууллаа өөрчилсөн гэж үү. Хятад шийтгүүллээ гэж эмзэглэв үү. Үгүй. Тэд гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлалгүйгээр эдийн засгийнхаа дотоод нөөц боломжийг дайчилсан. Хориг арга хэмжээ тодорхой хэмжээгээр БНХАУ-д ашигтай болсон.

 

-Засгийн газрын эрхмүүд тодорхой салбарын эсрэг хориг тавихгүй хэмээн энэ хавар мэдэгдэж байсан. Одоо шинэ хориг арга хэмжээнд бэлтгэж байна уу. Аль салбарт хориг тавина гэж бодож байна. Ямар хариу арга хэмжээ авах вэ?

 

-Түншүүд маань илүү ухаалаг гэж найдаж байлаа. Гэвч үгүй юм. Шинээр хориг тавих эсэхийг тэднээс л асуух хэрэгтэй. Гэхдээ эрчим хүч, санхүүгийн салбартай холбоотой хориг тавьсан тохиолдолд зохих хариуг нь өгөх болно. Зарим нэг хариу арга хэмжээ авч болох хувилбарыг би Засгийн газрын хуралдаан дээр өмнө нь танилцуулсан.

Тухайлбал, тээврийн салбарт хязгаарлалт хийж болно. Бидэнтэй найрсаг харилцаатай гэдэг үндэслэлээр бид агаарын орон зайгаа ашиглуулдаг. Гэхдээ бидэнд хязгаарлалт тавьж байгаа бол бид ч гэсэн хариу барих хэрэгтэй болно. Барууны түншүүдийн нисэх компаниудад манай агаарын орон зайг тойрох шаардлага тулгарвал одоо хүнд байдалд байгаа тэдний олонхи нь дампуурна. Энэ бол муу хувилбар. Гэхдээ түншүүд маань үүнийг ойлгоосой гэж хүсдэг. Тэр тусмаа Украинд энх тайван тогтооход хориг арга хэмжээ тус болохгүй байна. Хориг нь "бай”- ндаа буухгүй байгааг улстөрчдийн нь олонхи ойлгодог. Гэхдээ сэтгэлгээний хөшүүн байдал, олон улсын харилцаанд хүч түрэмгийлэх гэсэн эрмэлзэл энэ бүхэнд саад болж байна.

 Д.Мөнхболд

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>