Саудын Араб газрын тосны үнийг хамтран зохицуулна гэв

986

Саудын Араб газрын тосны үнийг хамтран зохицуулна гэв

 

ОПЕК-ийн гол гишүүн олборлолтоо өнгөрсөн сард үнэмлэхүй өсгөсөн хэдий ч газрын тосны зах зээлийг тогтворжуулахад нэгдэхэд бэлэн хэмээн Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фалих мэдэгдлээ. Сайдын мэдэгдэл Brent маркийн газрын тосыг баррель нь 46 ам.доллар хүртэл өсөх шалтгаан боллоо. "Зах зээлийг тэнцвэржүүлэх арга хэмжээ авах шаардлагатай тохиолдолд Саудын Араб нь ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус гол экспортлогчидтой хамтран ажиллахад бэлэн” хэмээн ноён Фалих өгүүлэв.

ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нарын албан бус уулзалтыг есдүгээр сард Алжирт зохион байгуулахаар шийдвэрлэснээс хэдхэн хоногийн дараа Саудын Арабын Эрчим хүчний сайд дээрх мэдэгдлийг хийсэн юм. Уг уулзалт нь "ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус гол олборлогч улсуудын сайд нарт газрын тосны зах зээлийг тэнцвэржүүлэхэд шаардлагатай арга хэмжээг хэлэлцэх боломж олгоно” хэмээн ноён Фалих тайлбарлав.

Саудын Араб олборлолтоо нэмэгдүүлсний учир нь зуны улиралд дотоод төдийгүй гадаад эрэлт ихэссэнтэй холбоотой хэмээн сайд онцлон тэмдэглэж байлаа. Лхагва гарагт нийтлэгдсэн ОПЕК-ийн тайлангаас үзвэл тус улс нь долдугаар сард өдөрт 10.67 сая баррель газрын тос олборлож байжээ. Иран, Ирак, ОХУ зэрэг өрсөлдөгчид идэвхжсэнээс Саудын Араб нь экспортын зах зээлээ хамгаалах бодлого эрчимтэй явуулах болжээ. Тус улс Азид экспортлодог газрын тосныхоо үнийг өнгөрсөн долоо хоногт бууруулсан.

ОПЕК-ийн гол гишүүн Саудын Араб нь үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд нийлүүлэлт нэгэнт хахсан зах зээлд түрэмгий бодлого баримтлаж байгааг шинжээчид хянамгай ажиглаж байна. Зуны улиралд эрэлт ихэсдэг ч гэлээ урьд тохиолдож байгаагүй аагим халуу шатаж буйгаас тусгай арга хэмжээ авахад хүрсэн Саудын Арабын хувьд өнгөрсөн онуудтай харьцуулахад өсөлт харьцангуй бага байгааг ноён Фалих мөн анхааруулав. "Зах зээлд түрэмгий бодлого давамгайлж буй ч ялангуяа ОПЕК-ийн гишүүн бус орнуудын олборлолт буурсантай уялдан дэлхийн ихэнх хэсэгт манай газрын тосны эрэлт их хэвээр” хэмээн ноён Фалих тайлбарласан.

Есдүгээр сард болох уулзал-таар газрын тосны олборлолтыг бууруулах талаар тохиролцож чадах эсэхэд шинжээчид эргэлзэнгүй хандаж байна. Дөрөвдүгээр сард ОПЕК-ийн гишүүн бус ОХУ зэрэг олборлогчид оролцсон Дохагийн уулзалтын үеэр бүс нутгийн өрсөлдөгч Иран үйлдвэрлэлээ багасгахгүй хэмээн мэдэгдсэнтэй уялдан олборлолтыг одоогийн хэмжээнд нь царцаах тухай санаачилгад нэгдэхээс Саудын Араб татгалзсан юм.

Ноён Фалих эдүгээ газрын тосны үнэ доогуур байгаагийн буруутан нь болгоомжтой бод-лого явуулж буй хедж сангууд хэмээн шүүмжилж байна. "Хөрөнгө оруулалтыг өсгөх гэвэл газрын тосны одоогийн үнийг өсгөх шаардлагатай” хэмээн тэрбээр цэмж тайлбарлав.

Brent газрын тосны үнэ 1.97 ам.доллараар өсөж 46.2 болсон нь дөрөвдүгээр сараас хойш тохиолдож байгаагүй нэг өдрийн үнэмлэхүй өсөлт юм. АНУ-ын бенчмарк west Texas Intermediate-ийн үнэ 1.89 ам.доллараар өсөж 46.60-д хүрсэн байна.

 
Анжли Равал /ЗАСГИЙН ГАЗАР/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>