Тэрбумаар нь хэмнэх боломж байна, хотын дарга аа!

894

 Тэрбумаар нь хэмнэх боломж байна, хотын дарга аа!

 

Тэнэмэл нохой устгадаг мөнгөнөөс тэрбумаар нь хэмнэх боломж байна, Хотын дарга аа!! 

Буудсан нохойгоо амийг нь гараагүй хагас үхлүүт байхад цус нөжийг нь асгаруулан чирж явах, дэгэж дэрвэж явсан хүүхэд гудамжны нохойнд хазууллаа, амиа алдлаа гэсэн мэдээллийг сонсох бүрт нэг л зүйл бодогддог юм. Монгол Улс хэдий болтол золбин ноходтойгоо зууралдах бол гэж. Үнэндээ нэг анчинд 12000 төгрөг төлж жилд 40 мянган нохой буудууллаа гээд гудамжны нохойны тоо буурдаг гэж үү. Дараа жил дахиад л 40 мянган нохой, түүний дараа жил гээд эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Ингэж өсч, үржих тоолондоо иргэдийг аюулд оруулсаар байна. Цөөн баримт дурдахад, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 3000 гаруй хүн нохойнд хазууллаа гэж хандсаны 10-20 хувь нь хэвтэж эмчлүүлсэн, цаашлаад 2-3 хүн амиа алджээ. Зөвхөн энэ оны эхний хагас жилд гэхэд 1494 хүн нохойд хазууллаа хэмээн эмнэлэгт очсон байх юм. Үүний цаана эцэг эх нь ажилтай, танил, эсвэл хамаатныхаа нохойнд хазуулаад эмнэлэг, цагдаад хандаагүй хэчнээн хүн шархандаа шаналж хэвтээ бол. Саяхандаа, гэрийнхээ ойролцоо тоглож явсан дөрвөн настай хүү нохойд хазуулж амиа алдсан олныг сэрдхийлгэсэн хэргийн дараа албаны хүмүүс хэргийн мөрөөр ажил хийх талаар ярьж эхэлсэн ч дахиад л нам гүм болчихлоо. Албаныхны амиа хамхиад нам болчихдог, анхаарлынхаа гадуур алдчихдаг тэнэмэл нохойн идэвхтэй үе  уг нь зуны цаг байх юм. ГССҮТ-ийн өгсөн мэдээллээр ийм төрлийн дуудлагын 37 хувь буюу ихэнх нь зуны цагт ирдэг аж. Гэтэл амралт, зугаалга гээд ажил хийж байгаа хүн цөөн.

 

НОХОЙГ УЛАМ ОЛШРУУЛАХ "Cobra effect” АРГА

 

Манай улс эзэнгүй нохой устгахад бас ч гэж анхаарал хандуулдаг. Тэр нь жил ирэх тусам нохой устгах зардлыг нэмж байгаа явдал. Нэг нохойг 5000 төгрөгөөр устгадаг байсан бол 2013 онд 7500 төгрөг, энэ онд 12000 төгрөг болгож нэмэгдүүлэв. Тэгэхээр жилдээ төсөвлөдөг 800 орчим сая төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Цаашлаад тэрбумаар яригдана. НИТХ-ын төлөөлөгчид нохой устгах зардлыг нэмэх бүртээ л золбин нохойноос салах тактик боловсруулж бусад улсаас жишээ авч олон улсын жишигт нийцүүлье гэдгийг давтсаар хэдэн арван жил өнгөрлөө. Эрж хайж, судалсан дуулддаггүй.

 

Харин ч нийслэлд иргэдээ төлөөлж суудаг эрхмүүд нохойны тоог улам бүр өсгөх мэргэн санаа олоод байх юм. Ингэж хэлсний учир нь нохой муурыг буудаж устгалгүйгээр муур, нохой худалдан авах цэг байгуулж иргэдээс тодорхой хэмжээний ханшаар  худалдан авах,  уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгах гэнэ. Гэвч ийм аргаар үр дүнд хүрээгүй гадны жишээ олон бий. Тухайлбал, Энэтхэгийн Дели хот Их Британийн колони байх үед хорт кобра могой их байдаг байжээ. Тиймээс Их Британийн Засгийн газраас кобра могой агнаж тушаасан хүнд мөнгө амлах болсон байна. Гэвч иргэд ашгийн төлөө могойг үржүүлэх болсноор могой улам бүр өссөн байна.

 

Яг үүнтэй адил жишээ Францын колони байх үеийн Вьетнамын Ханойд тохиолдож байсан аж. Хархны тоо толгойг бууруулахын тулд хархны сүүл худалдаж авах болсон ч Ханой хотоор сүүлгүй хархнууд ихээр үзэгдэх болсон байна. Харх устгагчдын хувьд мөнгө олох хялбар арга зам нь байсан учраас хархны тоо толгойг бууруулахгүй байхыг хичээсэн хэрэг. Яг ийм алдаа буюу түүхэнд "Cobra effect” гэж тэмдэглэгдсэн явдал манайд давтагдах вий. Нохойг худалдаж авдаг болчихвол амьдралын бололцоо тааруу хог түүдэг хүмүүс, хараа хяналтгүй цахим тоглоомонд донтсон хүүхдүүд гудамжинд яваа золбин нохойг тушаагаад мөнгө олбол яах вэ. Цаашлаад хашаандаа нохой тэжээж гөлөглүүлээд тушаахад амар хялбар аргаар мөнгө олчихно. Орлого олохын тулд хүмүүс эзэнгүй ноходыг барьж аваачаад үржүүлэх нь энүүхэнд.

 

 

НЭГ ЭМ НОХОЙ ТАВАН ЖИЛИЙН ДОТОР 50 МЯНГА БОЛЖ ҮРЖДЭГ

 

Тэгвэл ямагт нийслэлчүүдийн төлөө нойр хоолоо хугаслан, санаа бодлоо чилээн, ухаанаа уралдуулж байдаг Хотын даргад тэнэмэл нохойг цөөрүүлэх нэг санааг дуулгая. Дэлхийн олон улс оронд нохой буудаж алахыг хориглож, тор тавьж барих, эм ноходын үржлийг зогсоох "Спэй” хэмээх аргыг хэрэглэдэг юм байна. Эм нохойны савыг боох мэс засал хийснээр нохойг буудаж алах, шатаах гэх мэт хэрцгий арга хэрэглэхгүйгээр тэнэмэл нохдоос салах юм. Хамгийн гол нь санхүүгийн хувьд маш их хэмнэлттэй. Бяцхан тооцоо бодоход нэг эм нохой жилд хоёр удаа гөлөглөж, нэг удаад 10-12 гөлөг гаргана гээд тооцоход хоёр жилийн дотор 100, дөрвөн жилийн дотор 6000 давах магадлалтай. Золбин нохойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нэг эм нохой таван жилийн дотор 50 мянга болж үржих боломжтой байдаг гэжээ. Нэг хос нохойнд 80-120 мянган төгрөгөөр үржил хаах мэс засал хийхэд хэдэн төгрөг хэмнэхийг тооцоё. Эр, эм нохой хоёр жилд 128 болж үржинэ.Нэг нохойг 12000 төгрөгөөр буудахад 1536000 төгрөг болно. Харин 120000 төгрөгөөр эм нохойнд "Спэй” хийлгэвэл дахиад төрөхгүй бөгөөд 1536000 төгрөгөөс 1416000 төгрөг хэмнэж болохоор. Энэ мэтчилэн тооцвол зөвхөн нэг хос нохойноос ингэж хэмнэхээр нийслэлийн 30 мянган гудамжны нохойноос хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарч байна. Ингэвэл ойрын 3-5 жилдээ тэнэмэл нохойноос салах боломжтой аж. Манай улсад нохойн сав боох хагалгаа хийдэг "Азтай савар” хэмээх  төрийн бус байгууллага байдаг байна. Бид тус байгууллагын тэргүүн Б.Зориглонтой уулзаж зарим зүйлийг лавлахад "Тэнэмэл нохойг олшруулдаг гол эх үүсвэр  нь хашааны айлууд. Гадны орнуудын туршлагаас харахад эм нохойнд "Спей” буюу үржил хаах мэс засал хийдэг юм билээ. Энэ бол ямар нэг муу нөлөөгүй хөнгөн мэс засал. Энэ мэс заслыг гэр хорооллын айлуудын эм нохой бүрт хийснээр гурван жилийн дотор Улаанбаатар хот золбин нохойгүй болох боломжтойг тооцоолж судалсан. Бид  өөрсдөө мөнгийг нь босгоод энэ  ажлыг эхлүүлж, 150 гаруй нохойнд "Спей” хийж  өгсөн. Ингэснээр 2020 онд 75 мянга болж үржих байсан золбин нохдыг устгалаа. Ямартаа ч бид энэ ажлыг эхлүүлснээс хойш "Спей” гэдэг үгийг хүмүүс мэддэг болсон. Уг нь нэг нохойнд үржил хаах мэс заслыг 80-130 мянган төгрөгөөр хийдэг. Төр, засгаас энэ мөнгийг шийдээд арга хэмжээ ав­чих­вал 12 мянган төгрөгөөр нэг нохой буудаж байснаас илүү үр дүнтэй юм. Турк улс золбин нохойгоо барьж аваад "Спей” хийж, вакцинжуулаад чихэн дээр нь тэмдэглэгээ хийгээд тавиад байж. Хэсэг хугацааны дараа Станбул хот нохойгүй болсон. Одоо бол тэнд нохой өндөр үнэтэй. Нохойны үнэ өндөр байна гэдэг олон давуу талтай. Хүн их мөнгө төлж нохой худалдаж авбал хайрлаж, хариуцлагатай хандана. Манайд бол гурван жилийн өмнө 500 мянга байсан нохойг 50 мянгад зарна, хоёрыг жаран мянгад гээд эд бараа хувцас зарж байгаа мэт үнэгүйдүүлж хандаж байна” гэсэн юм.

 

Золбин нохойнд жил бүр 800 сая төгрөг зарцуулж, 500 сая төгрөгөөр нохой шатаах зуух авахын оронд дэлхийн хөгжингүй ор­нуудын жишгээр дээрх аргыг нэвтрүүлбэл ямар вэ. Магадгүй олон хүн бизнес гэж харах байх. Гэхдээ нохой буудаж, нохой худалдаж авах чинь мөн л бизнес шүү дээ. Энд нэг зүйлийг сонирхуулахад өнгөрсөн хугацаанд жилдээ 50 мянга орчим нохой буудсан гэвэл сүүлийн таван жилд 250 мянган нохой бууджээ. Жилдээ 800 сая төгрөг зарцуулдаг гэхээр дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан байх нь. Хэрэв хурдхан үр дүнтэй гарц хайхгүй бол энэ байдал ирэх 5-10 жилд энэ хэвээр үргэлжлэх нь.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>