Цэцэрлэгийн бүртгэлд АТГ хяналт тавина

1038

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу Хайлаастын эцэст байрлах цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Цэцэрлэгийн бүртгэлд АТГ хяналт тавина

 

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах 204 дүгээр цэцэрлэг , 139 дүгээр сургуулийн цогцолбор барилгыг "Нью констракшн” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд ажлын явц 90 хувьтай байна. Тус цогцолборын цэцэрлэг нь 120, сургууль нь 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар сантехникийн ажлын тендерт маргаан гарч, хоёр  удаа цуцлагдсан учраас барилгын ажил удааширч байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэллээ. Үндсэн барилгын ажил, барилгын хаяавч, үүдний шат, спорт заалны шалнаас бусад ажил бүрэн дууссан бөгөөд гадна тохижилтын ажил түр хүлээгдэж байгаа юм.


Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тендерийн маргаантай асуудлыг яаралтай шийдэж, уг цогцолборын барилгыг 09 сарын 10-ны дотор бүрэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Мөн тэрээр "Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод шинээр барьж, өргөтгөл хийж байгаа сургууль, цэцэрлэгүүдээр явж дүгнэлт гаргаж байгаа юм. Энэ онд 30 гаруй сургуулийг багтаан ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадал 3040 суудлаар нэмэгдэнэ.Түүнчлэн 9 сарын 1-нээс 9 сарын 10-ны хооронд хүүхдүүдээ хүлээн авах 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бэлэн болсон. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнийг зохицуулахгүйгээр хүртээмжийг бүрэн хангана гэдэг боломжгүй. Цэцэрлэгт шинээр бий болж байгаа суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Мөн энэ үеэр авлига өгч, авдаг гэсэн гомдол их гардаг учраас Авлигатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллана” гэлээ.  


Үүний дараагаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилгын ажлын явцтай танилцав. Тус сургууль нь 1500 хүүхдийн суудалтай бөгөөд одоогийн байдлаар барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ажлын явц 7 хувьтай байна. Уг сургуулийн барилга угсралтын ажлыг концессоор "Цамхаг констракшн” ХХК гүйцэтгэж байна. Гэрээнд заасан хугацаагаар 2017 оны 08 дугаар сард  ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.



Нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Хаппи бьюлдинг” ХХК-ийн барьж байгаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 200 ортой нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явц 75 хувьтай байна. Одоогийн байдлаар барилга угсралт, шавардлага, цонх суулгах ажил бүрэн дуусч, гадна, дотор шугам сүлжээний ажил хийж байгаа юм.

 


 

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явц 89 хувьтай байна. Тус барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Урагшлах” ХХК барьж байна. 2015 оны 07 сарын 15-нд газар шороо, суурь цутгалын ажлыг эхлүүлжээ. 2015 оны 11 сар хүртэл цутгалын ажил бүрэн дуусч, хамар, хана, дээвэр, цонх, хаалга суулгаж, гадна заслын ажлыг хийж дууссан бөгөөд өвлийн улиралд технологийн шаардлагаар зогссон байна. Энэ оны 04 сард барилгын ажлыг үргэлжлүүлж дотор засал, сантехник, цахилгааны угсралт, фасадны ажлыг гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар дотор засал, гадна тохижилтын ажлыг хийж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>