Шүүгчийн цалинг хасах нь зөв үү, буруу юу
Монгол Улсад хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчид бол шүүгчид юм. Анх тэдний цалингийн хэмжээг нэмэгдүүлж олон нийтэд мэдээлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байсан удаатай. Хяналтын шатны шүүгчээс анхан шатны шүүхийн цалингийн хэмжээ бол өнөөдрийн байдлаар 3,3 саяас 1,5 сая хүртэлх цалинтай ажиллаж байна.
Тэд яагаад ийм өндөр цалинтай ажилладаг вэ гэсэн асуултад шүүх хүний амьдралын алдаа онооны үнэн худлыг дэнслэхийн тулд шударга шийдвэр гаргадаг байх ёстой хэмээн өөрсдөө ч тайлбар хийж, арьсаа хамгаалдаг. Хамгийн гол Монгол Улсад шударга шүүх, шүүхийн байгууллага байгаа юу, тэд шударгаар шийдвэр гаргаж ялладага уу гэдэг нь бас эргэлзээтэй байгаа юм. Хэдий шүүгчийн шийдвэр ч гэлээ ард түмний сэтгэлд нийцэж, үнэнд ойртсон шийдвэр гаргаж чаддаг уу.
Шүүгч нар албан тушаалаа ажиллаж хэн эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгөтэй байна түүнд үйлчилдэг гэсэн нийгмийн хардлага төрдгийг нуухгүй. Жирийн нэг жишээ татахад, дөрвөн настай охиноо үхэлд хүртэл нь зодож амийг нь хохироосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Т.Цогт гэгч залууд шүүх зөөлөн нүүрээ харуулж, буруу шийдвэр гаргасан хэмээн бусад бухимдалтай байгаа юм. Үүнээс харахад л шүүх хэр ажилладаг хэр шударга байдаг вэ гэдэг нь илт харагдана даа. Тэгвэл эдийн засгийн хямралтай энэ цаг үед шүүгч нарын цалинг тодорхой хувиар бууруулах шийдвэрийг засгийн хүрээнд эрх баригчид ярилцаж эхэллээ. Уг нь өнгөрсөн жилээс эхлэн шүүгчийн цалинг 3,3 саяас 1,8 сая болгож бууруулна гэсэн мэдээлэл хүчтэй газар авсан ч бууруулаагүй юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ч үүнийг эсэргүүцэж, өөрсдийнхөө талд бат зогсон сөрөг мэдээлэл хийж байсан удаатай. Тухайлбал, тус газрын дарга Н.Лүндэндорж "Эдийн засаг хямарч болно. Шударга ёсны төлөөх сэтгэл зүтгэл хямарч болохгүй” гэж ярьж байсан нь саяхан. Үнэхээр улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед хэн хэн нь хаана хаанаа бүсээ чангалж, зардлаа багасгаж, хэмнэлтийн горимд шилжиж байж сэхээ авах ёстой нь үнэн. Тиймдээ ч төрийн албан хаагчдыг цомхтголд оруулах, цалингийн нь тодорхой хувиар бууруулах зэрэг арга хэмжээ шат дараалалтай авч хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн засгийн газар эхлүүлэх гэж байна. Үүнийг ард иргэд зөв алхам ч гэж үзэж байгаа ч нөгөөтэйгүүр эсэргүүцэж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ ямар ч байсан шүүхийн байгууллагын албан хаагчдын цалинг бууруулна гэж ярьсан нь ортой бас баттай мэдээлэл юм.
Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ. Төсөв танах, хасах тухайд Сангийн сайд дээрх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Монгол Улсын иргэн бүртэй холбоотой өөрчлөлтүүд орохоор болоод байна. Тэгэхээр энэ оныг дуустал бүсээ чангалах болсон онцлох өөрчлөлтийн нэг бол шүүгчийн цалинг бууруулах явдал юм. Шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулна Шүүгчдийн цалин өндөр байна гэсэн шүүмжлэл их гарсаар байгаа. Тиймээс өдгөө ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар дээрх төсөлд тусгасан байгаа аж.
Хамгийн гол нь цалингаа бууруулсан шүүгч нар шударга ажиллаж чадах уу, авлига хээл хахуульд идэгдэж шударга бус шийдвэр гаргадаг болох уу гэдэг нь цаг хугацааны асуудал болчихоод байна. Цалингаа бууруулсан шүүгч нарыг цаашид хэрхэн яаж ажиллахыг жирийн ард иргэд, эрх мэдэл албан тушаалтангууд, аж ахуй нэгж байгууллага, албан хаагчид л харах болж дээ.
О.Сайхан