Оюутны сургалтын ТӨЛБӨР НЭМЭГДЭХ үү?

1187

 

Оюутнуудын хичээл сургууль дараа долоо хоногт цуглана. Энэ цаг үед улсын  болоод хувийн их дээд сургуулийн төлбөрийн асуудал эцэг эхчүүдийн сэтгэлийн шаналгаа болдог  билээ. Түрүү долоо хоногт төлбөр нэмэгдээгүй гэх мэдээлэл нэлээдгүй гарсан учир бид улсын зарим сургуулийн төлбөрийн асуудлыг хүргэж байна.


/Монгол Улсын их сургууль/

Монгол Улсын Их Сургуулийн  сургалтын төлбөр нэмэгдээгүй. Өнгөрсөн жилийнхээрээ байгаа. Тухайлбал, Шинжлэх ухааны сургуулийн нэгдүгээр курсийн нэг багц цагийн төлбөр 80.200, хоёрдугаар курс 74.600, 3-4 дүгээр курс 64.600 төгрөгийн үнэтэй. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль 1-2 дугаар курс 80.200, 3-4 дүгээр курс 69.100 төгрөг болсон. Ер нь нэг багц цагийн төлбөр 46-96 мянган төгрөгийн хооронд бий.

/Шинжлэх ухаан, технологийн их сургууль /

Жил бүр хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээг гаргадаг. ШУТИС энэ жил   сургалтын төлбөрөө нэмээгүй  байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын их, дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй гэдэг тушаал гарсан учраас  ингэж шийдсэн аж. Тухайлбал, нэгдүгээр курсийн нэг кредитийн үнэлгээ 61,813, бусад курс нь 56,868 төгрөг байгаа. Өнгөрсөн жил ч ийм байсан. Ер нь нэг кредитийн дундаж үнэлгээ 59,300 болж байгаа юм.Тэгэхээр нэг оюутан жилд 30 кредит судална гэж үздэг. Нэг кредитийн үнэлгээг нийт кредитдээ үржүүлвэл ойролцоогоор нэг сая 800 мянган гарч байгаа. Дундаж төлбөр нь шүү дээ. Гэхдээ оюутан жилд 29 кредит хичээл судалж болно. 31 кредит ч судалж болно. Сонгож байгаа хичээлээсээ хамаараад судлах кредит өөр байдаг. Мөн энэ жил улс орны эдийн засаг хямралтай байгаа учраас сургалтын төлбөрийг хагас жилээр авахаар болсон.Хагас жилээр төлбөрийг нь авбал дунджаар 15 кредит хичээлийн мөнгө авах юм.

/Монгол Улсын Боловсролын Их сургууль /

Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу  МУБИС энэ жил сургалтын төлбөрөө нэмээгүй. Нэгдүгээр курсийн сургалтын төлбөр дунджаар нэг сая 950 мянган төгрөг. Курс ахих тусам нэг сая 750 мянган төгрөгийн төлбөртэй болдог. Харин оюутны байр 384 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус  сургуулийн ихэнх хүүхдүүд буцалтгүй тусламж, онооны хөнгөлөлтөөр суралцдаг. 650-аас дээш оноотой хүүхдүүд 30-100 хувийн төлбөрийн хөнгөлөлт эзэлдэг.

/Хөдөө аж, ахуйн их сургууль /

Тус сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд "Их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмж болохгүй” гэсэн чиглэл өгсөн. Тийм учраас төлбөрөө нэмээгүй байна. Өнгөрсөн хичээлийн жил сургалтын төлбөр 1.5-2 сая төгрөг байсан. Сургалтын төлбөр курс, судлах кредит цагаасаа хамааран өөр өөр байдаг аж. Тэгэхээр энэ жил өнгөрсөн жилийн сургалтын төлбөрөө авч байна.

/Батлан хамгаалахын их сургууль /

Энэ жил салбар яамнаас нэмэхгүй байх чиглэл өгсөн учраас нэмээгүй. Гэхдээ сургалтын төлбөрөө нэммээр байна. Нэмэхгүй болохоор сургалтын чанар муу л байна. Ганц ном худалдаж авч чадахаа болж байна. Автоматаар шууд нэмэх нь буруу.

Ингэж механикаар шууд зохицуулдаггүй юм. Хэрэгцээнээсээ хамаарах ёстой шүү дээ. Салбар яамнаас бичиг ирсэн болохоор нэмж чадахгүй л байна. Төр үүнд хутгалдахаар яаж их, дээд сургуулиуд хөгжих вэ дээ. Чанартай боловсон хүчин бэлтгэе гэвэл төлбөрөө нэмэх хэрэгтэй. Шинэ ном хэвлэл хүртэл худалдаж авах, интернэтийн төлбөрөө хүртэл төлмөөр байна. Тэгээд хуучин мэдээллээрээ л байдаг. Шинэ мэдээлэл ч авч чадахгүй.

Тэгсэн хэрнээ дээд боловсрол эзэмшиж байна гэдэг. Манайд үндэсний дээд сургуулиудын төлбөр үнэн инээдэмтэй байна. хувийн дунд сургуулийг хар л даа. Жилийн төлбөр нь 40-60 мянган ам.доллар. Хобби сургууль 8-10 сая төгрөг гэж байхад мэргэжил олгож байгаа их, дээд сургуулийн төлбөр 2-3 сая төгрөг л байна шүү дээ. Манай сургуулийн төлбөр нэг сая 200 мянгаас нэг сая 800 мянга байдаг гэж Батлан хамгаалахын их сургуулийн захирал Я.Чойжамц хэллээ.


/Анагаахын шинжлэх ухааны их сургууль /

АШУИС-ийн 2016-2017 оны сургалтын төлбөр нэмэгдээгүй. Өнгөрсөн хичээлийн жилд авсан төлбөрөө авч байгаа. Хичээлийн нэг кредит нь 65,500 төгрөгийн үнэтэй. Бусад сургууль курсээсээ хамаараад өөр өөр төлбөртэй байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>