Хаягдлаас гаргасан үнэт металаар олимпийн медаль үйлдвэрлэнэ

1175

Хаягдлаас гаргасан үнэт металаар олимпийн медаль үйлдвэрлэнэ

 

Япон улс хаягдал цахилгаан хэрэгслээс салгаж авсан үнэт металийг ашиглан 2020 оны олимпийн наадмын медалийг гаргаж авах боломжийг судалж эхэлсэн байна. Токиогийн олимп зохион байгуулах хорооны гишүүд олимпийн медалийг хаягдал үнэт металиар хийх саналыг энэ оны эхээр засгийн газар болон компаниудад санал болгосон гэж Японы орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Олимп зохион байгуулагч хотууд уул уурхайн компаниудаас олимпийн медалын металийг авдаг уламжлалтай. Гэвч байгалийн үнэт металийн нөөцөөр хомс Япон улс тогтвортой ирээдүй гэсэн уриалгын дор ийнхүү хог хаягдалаас медаль гарган авахаар зорьж байгаа юм байна. Ухаалаг гар утас, таблетууд нь үнэт болон ховор металиуд ялангуяа платинум, алт, мөнгө, лити, кобальт, никель зэргийг бага хэмжээгээр агуулдаг.

Мөн автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл хөргөгч, агааржуулагч нь суурь металиуд болох төмөр, зэс, хар тугалга, цинк зэрэг ховор металиудыг агуулдаг бөгөөд энэ төрлийн хаягдал цахилгаан хэрэгслүүдээс металиудыг нь салган авч, дахин боловсруулан металь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд Японд олон байдаг юм байна. Жилд тус улсад жижиг оврын цахилгаан болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гээд ойролцоогоор 650 гаруй мянган тонн хаягдал гардгаас дөнгөж 100 мянган тонныг нь дахин боловсруулахаар цуглуулдаг гэнэ. 

Олон улсын олимпийн хороо дэлхийн хамгийн том спортын үйл явдал Олимпийн наадамд маш хатуу шалгуур тавьдаг бөгөөд олимпийн медалийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгийг шийддэг юм. Жишээ нь Риогийн олимпийн наадам алтан медальдаа мөнгөн ус ашиглахгүйгээр хувиргасан алт ашигласан бол мөнгө болон хүрэл медалийг дахин боловсруулсан материалыг ашиглаж, хийсэн байна. Хэрвээ хог хаягдлаас гаргаж авсан металиар медаль үйлдвэрлэвэл 2020 оны олимпийн наадмын медаль өмнөх олимпийн медалиудаас харьцангуй хямд өртгөөр гарах юм байна. Олон улсын олимпийн хороо алтан медалийг хамгийн багадаа 6 гр цэвэр шар алтаар бүрэх шаардлага тавьдаг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>