Г.МАНДАХНАРАН БАЙРАНДАА ОРЖЭЭ
Рио 2016 олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдааны 65 к-д хүч үзэж, шагналт тавдугаар байр эзэлсэн МУГТ Г.Мандахнаранд "Хүчит луу” ХХК-иас хоёр өрөө байр бэлэглэхээ мэдэгдээд байсан. Тэгвэл Г.Мандахнаран байрандаа орсон зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.
Г.Мандахнарангийн тухайд олимпийн наадмын хүрэл медалийг харамсалтайгаар атгаад алдсан билээ. Хүрэл медалийн төлөө Узбекстаны бөхтэй хүч үзэж, цаг дуусахаас хэдхэн секундын өмнө 7:6 онооны харьцаатай ялалт байгуулж байсан ч хэт хамгаалсан барилдаан үзүүлснийхээ төлөө цагийн төгсгөлд торгуулж, улмаар өрсөлдөгч бөх нь сүүлийн оноогоороо хүрэл медалийн тавцанд зогссон билээ.
Уг барилдааны дараа манай тамирчин дасгалжуулагч нар эсэргүүцлээ илэрхийлсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан. Харин ийнхүү эсэргүүцэл илэрхийлсний төлөө манай чөлөөтийн баг тамирчид ОУ-ын тэмцээнд оролцох эрхээ хасуулж магадгүй болсон.
Гэвч Монголын ард түмэн Г.Мандахнаранг олимпийн наадмаас медаль хүртсэн дайтай үнэлж, хүндэтгэж буй. Харин МЧБХ-ны удирдлагууд энэ асуудлыг төдийлөн хайхрахгүй байгаа бөгөөд Г.Мандахнаранг эх орондоо хүрэлцэн ирэхэд албан ёсоор угтаж ч аваагүй юм.



