Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь МАН-аас шалтгаална
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 2015 онд баталсан эдгээр хуулийн хэрэгжих хугацаа нь энэ оны есдүгээр сарын 01 байхаар хуульчлаад байсан. Харин Засгийн газраас УИХ-д Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан ирэх 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна.
Хуульд засвар оруулах зорилгоор нэг өгүүлбэрт багтаан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж, үүнийг нь УИХ хэлэлцэх нь зохисгүй гэдгийг ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй гишүүд дуулгаж байгаа юм.
Хэрэв энэ хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бол 2000 орчим иргэн "ял шийтгэлгүй” болох байсан аж. Үүнд өнгөрсөн сонгуулиар "ял шийтгэлтэй” учраас нэр дэвших эрхээ олж авч чадаагүй Н.Энхбаяр ч хамрагдах байж. Гэсэн ч энэ хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг сунгаж байгаа нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй байх бас нэг арга гэх утгаар тайлбарлах хэсэг ч байгаа юм. Тэд "Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацаа нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш буюу 2017 оны долдугаар сарын 1 болгож байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц дуусангуут хуулийн хэрэгжилт эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол Н.Энхбаярыг ялтай хэмээн үзэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх арга” гэлээ.