Эдийн засгийг сэргээх "Монголчууд" хэн бэ

653

Эдийн засгийг сэргээх "Монголчууд" хэн бэ

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20,6 хуьд хүрэхээр байна гэсэн тоон үзүүлэлтийг Сангийн сайд хэлсэн. Бусад тоон мэдээллийг өмнө нь хангалттай хүргэсэн тул энд дахин дурдах шаардлагагүй гэж үзлээ. Харин УИХ-ын даргад өргөн бариад байгаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан зарим арга хэмжээ нь өвчилсөн хэмээн оношлогдоод байгаа монголын эдийн засгийг сэхээнээс гаргах зөв зүйтэй санаачлага гэдгийг олон нийт хэлэлцэж байна. Тухайлбал,

 

-Тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй /4500см³-аас дээш/ суудлын автомашинд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос хойш 7-оос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах,

 

-150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах. Эндээс тоон гаргалгаануудыг тоочихыг зорьсонгүй.

 

Монгол Улсын эдийн засаг дандаа хүнд өвчтэй байгаагүй нь мэдээж. Улс орны байдал сайн сайхан үед эдийн засгийн таатай боломжууд зарим хүмүүсийг өнөөдрийн чинээлэг, тансаг амьдралд нь хөтөлж авчирсан байж таарна. Зарим хүмүүс гэдгийг тодотговол, монголын төрд ямар нэгэн удирдах албан тушаал хашиж байхдаа том байрууд, өргөн уудам эдлэнгүүд, үүдээрээ жагсах тэргүүдтэй болсон нь үнэн. Мөн үнэхээр өөрийн хүч хөдөлмөр, шударга үйл хэрэг, оновчтой бизнесээрээ өндөр амжилтанд хүрсэн хүмүүс ч бий. Аль нь ч байлаа гэсэн тухайн үед тэдэнд монголын эдийн засаг хангалуун амьдралд хөл залгах нөхцлийг хангаж өгсөн нь ойлгомжтой. Тэгвэл тэд одоо эргээд нэг эдийн засгаа харж үзэж яагаад болохгүй гэж. Тэдэнд монголын эдийн засаг хэзээ нэгэн цагт хэрэг болсон шиг, энэ цаг мөчид тэд монголын эдийн засагт хэрэгтэй болжээ. Тиймээс манай нийгмийн боломжит, чинээлэг сегмент рүү хандсан татварын бодлогууд явуулахын сацуу тэдний сайн дурын дэмжлэгийг авч чадвал эдийн засагт их дэм болно доо гэж эндээс харагдаж байгаа юм. Засгийн газар ч ийм хүмүүст үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа нь зөв алхам. Улс орондоо нэмэр болсноороо тэдний амьдрал ахуй сөхрөхгүй нь лавтай.

 

Ер нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн түүхээс харахад, нийгмийн хэсгээс сайн дурын санаачлагууд гарч тухайн орны эдийн засагт хувь нэмрээ оруулсан нь чухал үр нөлөөгөө өгсөн байдаг. Нэг л жишээ авахад дээр дурдсанчлан 150 м.кв-аас дээш орон сууцтай иргэд гэвэл цөөнх болно. Тэгвэл 100 мкв-аас дээш талбай бүхий орон сууцтай айл өрх гэвэл харьцангуй өргөн хүрээг хамрах боломжтой төдийгүй хэвтрийн эдийн засгаа сэргээгээд зогсохгүй өндийлгөх донорууд нэмэгдэж болох талтай. Гэхдээ энэ нь тансагуудаа унагаах гэсэн санаархал биш, эдийн засагтаа татварын байдлаар тусламж авах сэтгэлгээ гэдгийг зөв талаас ойлгох нь чухал.

Ю.Халиун

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>