“Зика”-гийн эсрэг вакцины туршилтыг Пуэрто-Рикод хийж эхэлжээ
АНУ-ын эм үйлдвэрлэгч "Inovio” компани "зика” вирусын эсрэг вакцины клиник туршилтыг Пуэрто-Рикод явуулж эхэллээ.
Пуэрто-Рикод уг вирусын халдвар маш их газар авсан бөгөөд Америкийн Өвчнийг хянах төвийн хийсэн судалгаагаар, оны эцэс гэхэд хүн амынх нь 25 гаруй хувь вирусын халдвар авах магадлалтай байна.
"Inovio” компанийн захирал Жозеф Ким-ийн ярьснаар, вирус хурдтай тархаж буй Пуэрто-Рикод туршилт хийснээр уг вакцины эмчилгээний үр дүнг үнэлэх боломжтой бөгөөд клиникийн туршилт амжилттай болсон тохиолдолд вирус тархалтыг зогсоох үр дүнтэй аргыг боловсруулан АНУ-ын эх газарт хэрэглэх ажээ.
Энэ оны 6 дугаар сард тус компани АНУ болон Канадад уг вакциныг хүн дээр туршсан бөгөөд туршилтад 40 хүн сайн дураараа оролцжээ. Туршилтын үр дүн оны эцсээр тодорхой болох юм.