Уулын самарчидтай биш “улсаа самрагчид”-тай хариуцлага тооцъё

719

Уулын самарчидтай биш “улсаа самрагчид”-тай хариуцлага тооцъёНамрын сар дундаа орж, самарчид ууландаа гарчээ. Энд тэндэхийн автобусны буудал дээр аяга самраа 2500-3000 төгрөгөөр худалдаалах иргэд борооны дараах мөөг шиг л олон болж.

Гэхдээ ойн тухай хуулиар бол "иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самар түүж, ашиглах эрхтэй” хэмээн заасан байдаг.

Гэвч сүүлийн үед худалдаалж байгаа самраас болж амь насаа алдах, модноос  унаж бэртэх хэрэг, зөрчил их гарах болжээ. Үүнээс үүдэн байгаль орчинд хохирол учруулан хугацаанаас нь өмнө хууль бусаар самар түүж, тээвэрлэсэн иргэдийг нэг сая, 250 мянган төгрөгөөр торгож, мөн 4 кг-аас дээш самар түүсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 3-6 сар хорих ялаар шийтгэх гэнэ.

Үүнийг сонссон зарим иргэд уулын самарчидтай хариуцлага тооцож байхаар улсаа самрагчидтай хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн ундууцав.

Нээрээ ч уулын самарчид ч яахав, өнгөрсөн 4 жил улсын эдийн засгийг юу ч үгүй болтол нь самарсан өнөөх оффшорчид хаачив аа???

Хоногийнхоо хоолыг залгуулах гэж ууланд хэдэн өдрөөр ажиллаж байгаа тэд улсад хичнээн төгрөгний хохирол учруулж чадах вэ. Харин хэдэн сая доллар гадаадын оффшор бүсэд нуучихаад тэд одоо хаана, юу хийж яваа юм бол? Сонгуулийн өмнө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Баярцогт тэргүүтэй оффшорчдод хариуцлага тооцох тухай ярьж байсан ч тэгэсгээд өнгөрсөн. 

Улсын ерөнхийлөгч битгий хэл улсын хууль үйлчлэхээ больсон эрх мэдэлтнүүдээс болж өнөөдөр нэг айлын хүүхэд хоолгүй, цэцэрлэггүй, сургуульгүй болоход хүрээд байна.

Улсыг авч явдаг дундаж давхаргыхандаа татварын ачаа үүрүүлж, оффшорчдын мөнгийг төлүүлэх гэж байна. Уг нь эрх баригчид сонгуулийн өмнө хэлж, ярьсан шигээ хууль бус мөнгөө нуун дарагдуулагчдад хариуцлага хүлээлгэж, АТГ ажлаа хийгээд эхлэчихвэл арай л өөр байхсан.

Саяхан л гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Асем Виллад 5 сая төгрөгөөр хаус авсан тухай мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр цацагдана лээ.

Сайн найз С.Баярцогт нь оффшор дансан дахь мөнгөө дөрвөн найзтайгаа нийлж байршуулсан гэж ярьж байсан. Тэгэхээр түүний хамгийн сайн найзуудын эхний эгнээнд Ч.Сайханбилэг байх нь дамжиггүй. Мөн хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн оффшор дансан дахь мөнгө гэж тоо томшгүй. Аав нь тэрбумын хауснаас өөр зүйлгүй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтэй бичсэн байсан. Гэтэл 30 гаран настай залуу хэдий завандаа тийм их мөнгө цуглуулж амжих юм бэ хэмээн зарим хоржоонтой нөхдүүд ярьж байх юм.

Энэ мэтчилэн улсын мөнгийг завшиж, улсад хохирол учруулчихаад өнөөдөр юу ч болоогүй мэт яваа нөхдүүдэд хэзээ хариуцлага тооцох вэ? Гадаад өр, төсвийн алдагдал гээд ойрын 10 жилдээ босохооргүй эдийн засгийн хүнд байдалд хэн буруутай вэ.

Өнөөдөр энэ бүхэн жирийн иргэний нуруун дээр ирж байна.

Гэтэл хүүхдийн тэжээл, ганц талх хулгайлсных нь төлөө шоронд хорьдог хуультай шүү дээ, бид. Хичнээн хүн идэх хоолоо олох гэж яваад торны цаана суусан бол. Тэгэхээр хууль бус мөнгөн хадгаламжтай нөхдүүдэд эхлээд хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардаж байна. Дараа нь хоногийн хоолоо залгуулах гэж яваа ардын хүүхдэд хариуцлагаа тооц. Тэгж байж л "хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй" болно шүү дээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>