Зөрчилтэй баригдсан шинэ замыг ЗТЯ хүлээн авах нь юуны учир вэ
Хэдхэн хоногийн өмнө Увс аймагт шинээр баригдсан доорх замаар зорчихдоо мэргэжлийн хүний хувьд тус замд хэд хэдэн ноцтой гэмээр зөрчил байгааг анзаарснаа та бүхэнтэй хуваалцья.
Увс аймгийн төвөөс Наранбулаг сумын төвийг дайруулан Улаанбаатар чиглэлд баригдсан 190 км авто замын нээлт өнөөдөр болох юм байна. Тус замын гүйцэтгэгчээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа” ХХК ажилласан бол Захиалагчаар Зам тээврийн яам хариуцан хяналт тавьж ажилласан бөгөөд өнөөдөр буюу 2014 оны 09 сарын 14-ны өдөр тууз хайчлан ёслол төгөлдөр нээх гэж байгаа гэнэ.
Гэтэл нээлтээ хийгээгүй байхад тус нь Хяргас сумыг дайрсан хэсгээрээ хагарал үүссэн, мөн Замын тэмдэг тэмдэглэгээг зориулалтын гэрэл ойлгогчтой материалаар хийлгүй, ахуйн зориулалттай будагаар хийсэн нь тус замаар шөнө зорчин явах жолооч нарт замын талаарх мэдээллийг өгч чадахгүйн улмаас осол аваар гарах нөхцлийг зам барьсан замын компани нь өөрөө бүрдүүлчихээд байгаа ажээ. Энэ бол мэргэжлийн хэллэгээр бол шөнө тус замаар автомашин зөрчих хориотой гэсэнтэй утга нэг нөхцөл юм.
Жолооч нарт шөнийн цагт асфальтон замаар зорчиход тэмдэг тэмдэглэгээ юу юунаас илүү чухал байдаг. Голдуу өндөр хурдтай явах автомашины жолооч нар гэрэл ойлгогчгүй тэмдэг тэмдэглэгээг харалгүй өнгөрснөөс ямар аюул учирч болохыг уншигч та өөрөө төсөөлөөд үзнэ биз. Гэтэл үнэндээ тус зам дээрх гэрэл ойлгогчгүй замын тэмдэг нь 15-10 метр зайд дөхөж очиж байж л харагдаж байх жишээтэй. Стандарт ёсоор бол уг замын тэмдэг гэрэл ойлгогч тусгай будгийн тусламжтайгаар жолоочид 200-150 метрийн зайнаас тухайн замын талаарх мэдээллийг өгч байх ёстой байдаг.
Нэг нь хийсэн болж, нөгөө нь хүлээн авсан болж байгаа ийм байдлыг Зам тээврийн яамны сайд А.Гансүх та анхааралда авах цаг болжээ. Тэгээд ч бид хөрөнгө мөнгөө гаргаж өгчихөөд хятадуудад ингэж "хулхидуулж” болно гэж үү. Магадгүй дээрх зам дээр олон осол эндэл болох юм бол түүнийг хэн хариуцах вэ, зам барьсан хятадын компани уу, захиалга өгсөн ЗТЯ уу, хяналт тавьсан авто замын хяналтын инженерүүд үү…
Ц.Аюур