Ардчилсан намд ИЧИХ БУЛЧИРХАЙ АЛГА
2016 оны УИХ-ын сонгууль өнгөрөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. "Мэргэжлийн" гэх тодтголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар хамгийн богино хугацаанд бүтцээ танилцуулж, яг одоо УИХ-ын ээлжит бус чуулганаар "Үйл ажиллагааны хөтөлбөр”-өө танилцуулж, 2016 оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулах, зарим хуулиудыг буцаан татаж, боловсруулж, УИХ-д дахин өргөн барих гээд ид ажилтай яваа.
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон, цахим хуудсуудаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулна гэсэн "бор шувуу” нисэлдэх болов.
МАН-ыг дотооддоо хагаралдаж, бүлэг, Засгийн газар хэмээн хоёр хуваагдсан тухай яриа дэгдлээ.
Мөн Ерөнхий сайдыг огцруулахаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэнэ. Энэ тухай яриа ХУДАЛгэдгийг албан бусаар МАН-ын гишүүд мэдээлж байгаа ч, нэгэнт авалзсан гал унтрахаасаа өнгөрчээ. Ойрын өдрүүдэд төсвийн бодлого цалин хасах, татвар нэмэх зэргээр улс орон даяараа бүсээ чангалахаас өөр аргагүй байгаа тухай Сангийн сайд болон Ерөнхий сайд удаа дараа мэдээлж буй.
Гэвч алдагдлаа нөхөхийн тулд нийгмийн дундаж давхрага дээрээ ачаагаа үүрүүлж буй нь олон нийтэд таалагдахгүй байгаа.
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар гишүүдийн хэлсэн үгнээс харахад татвар нэмэхийг нам дотроо ч эсэргүүцэж байгаа нь харагдсан.
Эрх баригчдын энэхүү дотоодын маргаан хэнд ашигтай вэ?
Хаалттай хуралдааныг хэн задруулав гэх зэрэг таамгуудыг олон нийт хоорондоо ярилцаж байна.
Эцсийн эцэст ачааны хүнд ард түмний нуруун дээр ирнэ. Нэгэнт ойрын хэдэн жилдээ өндийхөөргүй гадаад өрөнд баригдсан нь ил болсноос хойш Засгийн газарт ажлаа хийхийг даалгах нь зөв хэмээн харна.
Сонгууль болдгоороо болоод өнгөрсөн.
Олон жил МАН, АН гэсэн хоёр намын хоорондын өрсөлдөөнөөс болж ард иргэд хохирч ирсэн. Гэтэл өмнөх дөрвөн жил хоёр ч Ерөнхий сайдын гар дамжиж улсыг засагласан АН-ын экс гишүүд МАН мангартаж байна хэмээн хээв нэг твиттэр, цахим орчинд хорын үг чулуудацгааж байна.
Нэг үеэ бодвол ард түмэн тэнэг, таг дүлий, сохор байхаа больсон.
Үүнийг одоо хүртэл мэдээгүйдээ ч тэр үү Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, М.Зоригт, Н.Алтанхуяг нарын АН-ын гишүүд өөрсдийн тарьсан балгаа огтоос тоолгүй ард түмнийг хооронд нь хагаралдуулж суух юм. Уг нь тэрний оронд байгуулагдсан цагаасаа олон толгойтой болсон өөрийн намаа шинэчлэх, цаашид зөв явах замд нь оруулбал хэрэгтэй байхсан.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг дөрөв, дөрвөн жилийн парламентийн засаглалтай манай орны улс төрчид эрх биш мэддэг болсон баймаар...
Яг үнэндээ өнөөдрийн хямралын үүд нь хаанаас эхлэлтэй вэ.
Сонгууль эхлэхээс өмнө нэг нэгнийхээ улыг шагайж, балгийг нь илчилсэн АН-д өнөөдөр ч боломж байна. Нэгэнт л парламентийн засаглалтайгаас хойш ард түмэн нэг намыг сонгохоос өөр аргагүй. Тиймээс өөрсдөө эрх баригч байгаагүй юм шиг МАН-ын үйл ажиллагаанд хяналт тавиж, тэнэг мангараар нь дуудаж байхын оронд өмнөх алдаагаа ухамсарлах нь зүйн хэрэг.
Дөрвөн жил тогоонд нь байчихаад улсын эдийн засаг ямар хэмжээнд байгааг мэдээгүй байна гэдэг бүр ч инээдтэй хэрэг.
Портуна Н.Батбаяр, С.Баярцогт хоёроор улсын эдийн засгийг самруулсан гэдгээ зарим нэг нь хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Ядаж л өчнөөн сая долларын оффшор данстай намын нөхдөө шалгуулчих хэрэгтэй. Тэгэхээр өөрсдөөсөө ичдэггүй юм аа гэхэд арт түмнээс ичих хэрэгтэй шүү дээ, АН-ыхаан.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn