Татвар: Мунхаглал уу, эсвэл ...?

966

Татвар: Мунхаглал уу, эсвэл ...?

 

Дэлхийн бүх л улс оронд татварын шаталсан систем (progressive tax system) ямар нэг байдлаар хэрэгждэг.  Тэгвэл манайд ямар байдаг вэ?  Монголд татварын шаталсан системийн хууль  бий.  Гэвч хэрэгждэггүйд л  асуудал байгаа юм.  Манайд  анх  1992 онд орлогын татварын хуулиудыг шинэчлэн боловсруулсан. Ингэхдээ  tax-bracket буюу татварын шатлалыг бий болгон хэрэгжүүлж эхэлсэн.  Гэтэл  хуулиа  хэд, хэдэн удаа өөрчилж, 2007 оноос хэрэгжилтэд  хориг тавьсан байдаг.  Өнөөдөр төсвийн орлого татарсан нөхцөлд  татварын шаталсан системийг эргэн харж  гэнэт хэрэгжүүлэхээр шийдсэн нь  нэг талаас  эрх баригчид мухардалд орсныг илтгэнэ. Нөгөө талаас хямрал бидэнд боломж олгож мэдэх  юм.  Үнэндээ бол Монголын татварын орчин  мөнгө ихтэй гадаад, дотоодын  хэнд ч диваажингийн орон л гэсэн үг.  Татвар харьцангуй багаас гадна хадгаламжийн хүүгийн орлого, үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулдаггүй. Хувь хүний орлогын албан татвар л гэхэд ердөө хавтгайруулсан 10 хувь.  Гэтэл бидний жишиг болгон дууриах дуртай Америкт  10-39.6 хувь, Германд  0-50.18 хувь, Шинэ Зеланд, Австралид  10-45 хувь, Хятадад 5-45хувь, Вьетнамд 5-35 хувь байдаг.

 

Саяхан УИХ-аар хэлэлцэн  баталсан татварын   хуулиудын өөрчлөлттэй холбоотой нийгэмд ихээхэн маргаан үүслээ.  Хувь хүний орлогын 2.5  төгрөгөөс саяас дээш гарсан хэсэгт 25 хувийн  татвар ногдуулахыг ихээхэн  эсэргүүцэж байна. Нийт татвар төлөгч цалинтай иргэдийн дөнгөж 1.5 хувийг эзлэх тооны иргэд л 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой гэж байгаа. Тухайлбал,  Монголдоо л  өндөрт  тооцогдох гурван  сая төгрөгийн орлоготой иргэний  орлогын 2,5 саяд нь бусдын адил 10 хувь, үлдсэн 500  мянгад нь 15 хувиар илүү (10+15=25 хувь) татвар төлөх зохиуцуулалтыг шударга бус байна, бид шулуулж байна гэж үзэж байна гэж үү? Тэгвэл нийгмийн бүтээн байгуулалтад (public goods) хэн илүү хувьд нэмэр оруулдаг вэ, өндөр орлоготой та юу эсвэл олонхийг бүрдүүлдэг бага, дунд орлоготой бусад иргэд үү? Өөрөөр хэлбэл, хэний татварын мөнгөөр, хэний хөдөлмөрөөр нийгмийн баялаг бий болж та түүнээс нь хүртэж явна вэ?  Өндөр орлоготой иргэн та үлдсэн 98.5 хувийг бүрдүүлж бага орлоготой татвар төлөгч иргэдийн нийгэмд оруулж буй хувь нэмэрийг бодолцож үзсэн үү?  Үнэмлэхүй олонх  болж буйн хувьд  тэд зөвхөн татварын орлогын суурийг бүрдүүлж буй төдийгүй нийгмийн хөдөлгөгч хүч болж, нийгмийн баялгийг бий болгоход цөөнх  болсон та нараас илүү татвар төлж, танаас илүүтэй бие болон оюуны хувь нэмэр оруулж байж болно гэдгийг бодолцоорой.  Нөгөө талаас,  та улс хөгжихгүй байна, бид бүдүүлэг байна, хоцрогдож байна гэж гомдоллодог.  Гэтэл үүний  үндсэн шалтгаан нь дундаж давхарга гэж байхгүй, ихэнх нь нэн ядуу, үлдсэн нь тун ядуу, тэгээд үлдсэн 1.5 хувь  нь 2.5 саяас дээш орлоготой ядуугаас арай дээгүүр байдалтай байгаад оршино.  Дундаж давхаргыг бий болгох, ядуурлыг бууруулах нэг гол арга нь нийгмийн баялгийг шударга бөгөөд тэгш  хуваарилах бөгөөд татварын шаталсан систем нь үүнийг хэрэгжүүлэх гол хэрэгсэл болдог.

 

Цалингийн дүнгээр 1.5 хувь буюу  цөөнхид багтаж буй гэх зарим  эрхэм  "Бид дундаж давхарга, татварын шаталсан систем нь биднийг онилж байна, хохироож байна” гэж хашгирч байгаа нь мөн ч  ухвар мөчид хэрэг шүү.   Ингэх нь өөрсдөө ч мэдэлгүй ямар нэг аргаар ихээхэн хөрөнгө хуримтлуулж чадсан, хэт баяжсан, хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн баталж ирсэн тэр хэт цөөнхийн эрх ашгийг улайран хамгаалж буй хэрэг юм.  Энэ нь мэдээж шударга тогтолцоог эсэргүүцсэн иргэн хүний мунхаглал гэхээс  илүүтэй сүүлийн 26 жилд эрх баригчдын бий болгосон өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах цогц систем,  тэр дотроо боловсрол, мэдээллийн сувгууд хэрхэн үйлчилж байгаагийн илрэл юм.  Мэдээж 150м /квадратаас   ч том хэмжээтэй,   тансаг байранд амьдрах нь таны эрх, гэхдээ тэр л хэмжээгээр  та нийгэмд илүү зардал үүрүүлж, нийгмээс бусдаас илүүтэй үйлчилгээ шаардаж буй гэдгээ  бодож үзээрэй.  Тэгвэл та тансаг том байрандаа, өндөр орлогодоо  шударга бус нийгмийн золиос болж буй дийлэнх олонхиос үл ялиг өндөр татвар төлөх нь тийм ч шударга бус зүйл биш гэдгийг ойлгох байх.  Дэлхийн бараг бүх л улс орнуудад  орлогын хэт ялгаатай байдлыг арилгах нь шударга бөгөөд улсын хөгжлийн гол түлхүүр гэж үздэг. Энэ үүднээс   бүх л төрлийн татварын шаталсан системийг ашигладаг, бүх төрлийн орлогод ямар нэг хэмжээний татвар ногдуулдаг.  Монгол яагаад ганцаараа үүний эсрэг зогсож байна вэ?

 

Ихэнх улс орнууд хадгаламжийн хүүгийн орлого, дивидендийн орлогыг татвар ногдох ёстой орлогод оруулдаг. Жишээ нь,  Солонгост   8-35хувь, Орост 35 хувь  хүртэлх татвар ногдуулдаг. Өнөөдөр Монголын банкуудын хадгаламжинд  7.6 их наяд буюу манай улсын өнгөрсөн жилийн төсвийн 114 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө эзэмшигчиддээ нэг их наяд гаруй төгрөгийн сул орлого олж өгөөд "хэвтэж ” байна.  Гэтэл татвар ногддоггүй энэ их орлогын ихэнх нь нийт хадгаламжийн дүнгийн 80 гаруй хувийг эзэмшдэг тэр л хүчирхэг, хуулийн хэрэгжилтийг зогсоож чаддаг (нийт хадгаламжийн дүнгийн 80 гаруй хувь хадгаламж эзэмшигчдийн 10 хувьд ногддог) цөөнхийн бүлэгт очдог байна.  Банкинд  их хэмжээний мөнгө хадгаламж хэлбэрээр "царцаж” 15 хувийн  өндөр хүүгийн орлого саан байгаа нь зөвхөн хадгаламж эзэмшигчид л ашигтай. Түүнээс улс орны эдийн засагт төдийлөн ашиггүй, харин ч сөрөг нөлөө авчирч буй юм.  Тийм атал зах зээлд мөнгө дутагдаж байна, Хөрөнгийн бирж хөгжихгүй байна гэж гомдоллох шаардлага юун? Банкинд найдвартай, эрсдэлгүй, ямар ч татваргүй 15 хувийн  хүүгийн орлого сул орж ирж байхад хэн эрсдэлтэй Хөрөнгийн биржэд мөнгөө цацах юм бэ.  Тиймээс хадгаламжийн, дивидендийн  хүүгийн орлогод татвар ногдуулах хуулийг хэрэгжүүлэх нь зүй ёсны асуудал.

Хямрал боломж олгодог гэдэг тэгвэл тэр үнэн аж. Байх ёстой байсан татварын шаталсан тогтолцоо, хүүгийн орлогын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар энэ л хямралаар хэрэгжих боломж нь бүрдэж байна.  Гэхдээ Засгийн газрын зүгээс татвартай холбоотой авч буй арга хэмжээнүүд бүгд дэмжүүштэй зөв биш л дээ. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийн  төлбөрийг ажил олгогч, даатгуулагч  хоёуланд  2.5 хувиар үе шаттайгаар нэмэгдүүлж,  тус бүр 9.5 хувь  байхаар тогтоож буй явдал тэртэй тэргүй  хэцүүхэн байгаа бизнесээ боомилсон, ард иргэддээ дарамт үзүүлсэн, эдийн засагтаа сөрөг үр дагавар авчирч буй арга хэмжээ гэдэг нь  харагдаж байна.   Ажил олгогч эрүүлийн мэндийн болон бусад даатгал шимтгэлээ оруулаад  14-15хувь, ажилтан даатгуулагч өөрөө мөн тэр хэмжээний татвар даатгалд төлөх болж байгаа нь нийт даатгалын дүнг 30 орчим хувьд хүргэж бизнест ч тэр, хувь хүнд ч тэр ихээхэн их дарамт учруулахаар байна.

 

Эцэт нь хэлэхэд,  нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснийг эс  тооцвол Засгийн газраас татварын талаар  хэрэгжүүлж буй бодлогууд нь татварын шаталсан системийг суурьшуулах эхлэлийг тавьсан, өөрөөр хэлбэл байх ёстой зүйлийг байранд нь тавьсан тун зөв, дэвшилтэт алхамууд болж буй юм.  Гэвч энэхүү бодлогын хэрэгжилтэд ард түмнийг мунхруулах систем хүчтэй ажиллаж сайн зүйлийг хэрхэн  саарал бараан болгож харагдуулж, ойлгуулж болдгийг үзүүлсэн ажиллагаа болж байна.  Шинээр хэрэгжиж буй татварын бодлого нь зарим нөхдийн шүүмжлээд буй шиг улс төрийн мэдрэмжгүй байж болох боловч эдийн засгийн мэдрэмжтэй бодлого гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Х.БАТСУУРЬ

Эдийн засагч


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>