МАН: Хямралын үед хотын татвар авч болохгүй АН: Татвар авч хямралыг давна

1040

Тав хоногийн дараа буюу аравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын оршин суугчид шинэ төрлийн тат вар төлж эхэлнэ. Энэ бол нийслэлийнхэнд барьж байгаа АН-ын ээлжит нэгэн бэлэг билээ. Учир нь нийслэлчүүд АН-ыг сонгон удирдуулж байгаа. Тиймээс нийслэл болоод Засгийн газар хамтран Нийслэл хотын албан татварын тухай хуулийг өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан. Уг хуулийн дагуу өчигдөр Нийслэлийн ИТХ хуралдаж, Улаанбаатарын татварын хэмжээ ямар байхыг тогтоох гээд чадсангүй. Учир нь Нийслэлийн ИТХ дахь МАН- ын бүлэг "Ийм чухал асуудал хэлэлцэх гэж байхад хотын дарга Э.Бат-Үүл байхгүй байна. Э.Бат-Үүл дарга нэг хувийн татвар авах бодлого оруулж ирсэн. Бид хямралтай үед тэг хувийн татвар санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, хямралтай үед иргэдээс шинэ төрлийн татвар авч болохгүй. Тиймээс энэ асуудлыг Э.Бат-Үүлийг байлцуулж байгаад ярилцана” хэмээн тайлбар хийж байна лээ.

 

Уг хуулийн эхний төслөөр бол нийслэлд орж ирсэн хөдөөгийн иргэдээс татвар авах, нийслэлийн татварыг дүүрэг дүүргээр өөр өөр тогтоох, нийслэлийн иргэн болоход татвар авах, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, бүтээгдэхүүн үйлчилгээнээс "нийслэлийн” гэсэн тодотголтой татвар авах тухай бодлого нь УИХ- ын гишүүдийн хүрээнд бөөн маргаан үүсгэсэн. Учир нь МАН-ын гишүүд "нийслэл татвартай байж болно. Гэхдээ эдийн засаг хямралтай, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдсан, ард иргэдийн ашиг орлого багассан үед нэмж шинэ татвар авч болохгүй. Харин эдийн засаг сайжирсан, ард түмний ашиг орлого өссөн үед энэ асуудлыг ярих ёстой. Мөн нийслэлийн татварыг хавтгайруулан авч болохгүй" гэсэн зарчмын хоёр санал дээр хатуу зогссон.

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "2012-2014 онд "Чингис” бондоор бүтээн байгуулалт хийж байна гэж зарлаж явахдаа хуримтлалаа яагаад хийгээгүй юм бэ? Э.Бат- Үүл дарга аа. Хямраад эдийн засаг хүндрээд ирэхээр аж ахуйн нэгж, ард иргэдээсээ шинэ татвар авна гээд байх юм. Та 2012 онд эдийн засаг сайн байх үед дарга болсон. Тэр өсөлттэй үед яагаад хотын татвар яриагүй юм. Одоо хямраад хүндрээд ирэхээр ард иргэдээс татвар авна гээд байгаа чинь сайн зүйл биш” гэсэн бол Л.Энх-Амгалан "Э.Бат-Үүл даргаа та энэ хуулиа татаж ав. Яг хэнээс, ямар татварыг, ямар хэмжээгээр, ямар зориулалтаар хурааж авах гээд байгаа юм бэ гэдгээ өөрөө ойлгоогүй сууж байна шүү дээ. Тэгэхээр хотын мээр нь өөрөө хотын татвараа иргэдээсээ авах юм уу, аж ахуйн нэгжээс авах юм уу, энэ нь худалдааны татвар юм уу, суутган тооцох татвар юм уу гэдгээ ойлгохгүй Засгийн газраар дамжуулан өргөн барьсан байгааг УИХ хэлэлцэж байна гэдэг бол ихээхэн хариуцлагагүй үйлдэл” хэмээн сануулж байжээ. Мөн Б.Чойжилсүрэн "Өргөн барьсан томъёлолоор бол буудай тарилаа нэг хувь, гурилын үйлдвэрт өгөхдөө нэг хувь, гурилын үйлдвэрээс гарахдаа нэг хувь, хүнсний дэлгүүрт өгөхдөө нэг хувь, дэлгүүрээс зарагдахдаа нэг хувь гээд бодогдох юм байна л даа. Ийм байж болохгүй” гэж анхааруулсан бол Ч.Хүрэлбаатар "Сая хотын дарга хямралд хэрэгтэй татвар гэж хэлж байна. Тийм хямралд хэрэгтэй татвар юм бол яах гэж нэг хувиар татвар авах гээд байгаа юм бэ? Хямралд хэрэгтэй татвар. Энэ бол 2015 оны шилдэг онигоо болно шүү. Дэлхий дээр хямралд хэрэгтэй татвар гэж байхгүй. Саяхан Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ Монголын нийгэмд хандаж нэг зүйл амласан. Би Ерөнхий сайд байхдаа нэг ч татвар нэмэхгүй гэсэн. Тэгээд доог тохуу хийж байгаа юм шиг бид нар татвар нэмэх тухай яриад сууж байна. Иргэдээс татвар аваад ч хямралаас гарахгүй. Учир нь бодлого нь буруу байхад мянган татвар аваад нэмэргүй” гэж хэлсэн нь протоколд үлджээ. "Би Ерөнхий сайд байхдаа хэзээ ч татвар нэмэхгүй” гэж байсан Ч.Сайханбилэг нийслэлийн татварыг дэмжиж, хоёр хоногийн өмнө шатахууны онцгой албан татаврыг нэмэхээ зарлаж байгаа нь хэлсэн ярьсандаа хэрхэн хүрдэгийг гэрчилнэ.

 

Эндээс дүгнэж үзвэл эрх баригчид эхлээд нийслэлийн нэрээр маш олон төрлийн татвар авахаар оруулсан нь МАН-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч цөөрсөн аж. Хамгийн сүүлд бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэнгийн худалдаа, зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээ, рестораны үйлчилгээ, баарны үйлчилгээнээс татвар авахаар болсон юм. Бусад татвар нэмэх санаархалууд нь унасан. Харин эдгээр татварыг ч гэсэн МАН-ынхан эсэргүүцсэн. Эрх баригчид бид бодлогоо явуулж байна гэж хэлээд л олонхоороо баталчихсан.

 

Хуулийг хэрэгжүүлэхээс өмнө нийслэлийн татвар ямар байх вэ гэдгийг НИТХ журам гаргаж шийдэх ёстой. НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн тэг хувь буюу татвар авахгүй гэсэн байр суурь баримталж байгаа бол АН-ын бүлгийн гишүүд хамгийн дээд хязгаар буюу нэг хувийн татвар авна гэж зүтгэж байна. Ямар ч байсан 0-1 гэсэн хязгаар дотор нийслэлийн татварыг тогтооно. Ийнхүү УИХ дээр маргаан дагуулсан асуудал Нийслэлийн ИТХ дээр ч маргаан үүсгэх нь ойлгомжтой боллоо. Иргэдээсээ үргэлж асуудаг Э.Бат-Үүл нийслэлийн татварын асуудлаар Улаанбаатарчуудаас яагаад асуухгүй байна вэ?

 

 

Т.Хуяг




Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>