Хавтаст хэргээс: Насанд хүрээгүй охидуудын биеийг хүчээр үнэлүүлсэн этгээдүүд ялаа эдэлж байна
Одоогоос хоёр жилийн өмнө насанд хүрээгүй охидуудын биеийг хүчээр үнэлүүлж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан бүлэг этгээдийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж зохион байгуулалттай гэмт этгээдүүдэд ял оноосон байна.
Хэргийн тухайд тодруулбал, Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт "Цэцээ гүн” гэх зочид буудалд насанд хүрээгүй охидуудыг хууран мэхэлж, худлаа ярьж авч очоод нүүрс тээвэрлэдэг жолооч нарт биеийг нь үнэлүүлж мөнгийг нь авдаг байсан бүлэглэлүүдийг Нийслэлийн цагдаагийн газар, ЭЦГ болон Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийнхэн хамтарч шалгаад илрүүлсэн байдаг юм. Хохирогч таван охины хувьд насанд хүрээгүй бөгөөд хоёр нь Саппоро орчмоор бие үнэлдэг байсан хүүхдүүд байжээ. Харин гурав нь ерөөсөө биеэ үнэлж үзээгүй бөгөөд хоёр найзынхаа ятгалагаар "Өмнөговь аймаг руу илүү их мөнгө олно. Гэхдээ хийх ажлаа очоод хар” гэсэн хууран мэхлэлтийн дор явжээ. Харин ар гэрийнхэн нь цагдаад өргөдөл гаргасны дагуу охидыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, буруу аргаар мөнгө олдог бүлэглэлийг шуурхай илрүүлсэн байна.
Яллагдагч Б.Баатарсүрэн нь Д.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2013 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд насанд хүрээгүй А, Л, С, Э нарыг мөлжих зорилгоор, эмзэг байдлыг нь далимдуулан Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт орших "Цэцээ гүн" зочид буудалд 77-66 УНЧ улсын дугаартай "Стана” маркийн авто машинаар тээвэрлэн аваачиж, давтан үйлдлээр бусдад биеийг нь үнэлүүлэн худалдаалсан байдаг. Д.Ганболдтай бүлэглэн Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт орших "Цэцээ гүн" зочид буудалд очиж бусдад биеэ үнэлэхэд зуучилсан, тээврийн хэрэгсэл, орон байр бусад зүйлсээр үйлчилсэн.
Яллагдагч Д.Эрдэнэчулуун нь Д.Ганболд, Б.Баатарсүрэн нартай бүлэглэн насанд хүрээгүй охидуудыг нарыг мөлжих зорилгоор, эмзэг байдлыг нь далимдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт орших өөрийн "Цэцээ гүн" зочид буудалд бусдад биеийг нь үнэлүүлэн худалдаалах гэмт хэрэг үйлдэхэд орон байраар хангаж хамжигчаар хамтран оролцсон байна.
Шүүхийн мэдүүлэгт хохирогч Э "Би анх С, Л нарыг таньдаг байсан. Эд нараар дамжуулж Баатарсүрэн ахтай танилцсан. Баатарсүрэн ах анх танилцахдаа "Масс" бааранд засварын ажил хийдэг биш харин менежер хийдэг гэж хэлж байсан. Өмнөговь явах саналыг эхлээд С, Л нарт тавьсан. Энэ хоёр бид гуравт 2013 оны 06 дугаар сарын үед энэ талаар хэлсэн. Бид Баатарсүрэн ахтай очиж уулзахад 10 хоногийн дотор 2 сая төгрөг олох ажил байна гэж хэлсэн. Тэгээд Өмнөговь руу Истана машинаар явсан замын зардал болон очоод зочид буудалд байрласан зардал зэрэг нь нийлээд 1 сая төгрөгийн зардал гарсан гэж Баатарсүрэн хэлсэн. Баатарсүрэн ах 20 ширхэг бэлгэвч, 12 хуудастай дэвтэр худалдаж авч өгсөн нь үнэн юм. Тэр дэвтэр дээр та нарын хийсэн ажлыг бичнэ, 10 хоногийн дараа явахдаа та нарын цалинг бодож өгнө гэж байсан. Зочид буудалд 10 хувь, бидэнд 40 хувь, Баатарсүрэн ах өөрөө 60 хувийг нь авна гэдгийгээ хэлж байсан. Өмнөх мэдүүлэгтээ намайг Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газрыг зааж өгсөн гэж хэлсэн байсан. Тэр бол худал юм. Би тэр газрыг нь огт мэдэхгүй. Нийтдээ 3 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ. Насанд хүрээгүй хохирогч А хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхчимэг мэдүүлэхдээ: "…Би өөрийн охин Алтаншагайг найз охинтойгоо гарч яваад сураггүй болчихлоо гээд цагдаагийн байгууллага болон хүчирхийллийн эсрэг төвд хандсан. Үүний дагуу хайсан чинь танай хүүхдийг Өмнөговь аймаг руу Баатарсүрэн гэдэг хүн аваад явсан байна. Тэнд манай цагдаа нар бариад цагдан хорьсон байна гэж надад хэлсэн. Надаас хорихын зардал гэж 30.000 төгрөг шилжүүлүүлээд Улаанбаатар хотод авчирсан. Түүнээс хойш байцаалт өгөөд явж байсан. Хавар нь Баатарсүрэнгийн өмгөөлөгч болон Д.Жаргал өмгөөлөгч нар надтай уулзаад угаасаа танай хүүхдүүд биеэ үнэлдэг юм чинь биеэ үнэлдэг гээд хэлчих, манай хүүхдүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд явсан юм гээд хэлчих тэгвэл 2 сая төгрөг гаргуулж өгье гэж хэлсэн. Тэгэхэд нь би манай гэр бүл бол хүүхдийнхээ биеийг үнэлүүлэх хэмжээний айл биш, бид хүүхдээ багаас нь жаахан эрхлүүлсний гайгаар ийм хэрэгт холбогдсон байна гэж хэлээд өнгөрсөн. Сая манай хүүхэд найзынх руугаа яваад бас алга болчихсон. Тэгээд хайж байгаад энэ шүүх дээр уг хэрэг нь шийдэгдэх гэж байгаа гэдгийг мэдсэн. Үүнээс өмнө энэ хэрэг шийдэгдэхгүй удаад байгаа гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд би Соёл-Эрдэнэ өмгөөлөгчтэй уулзаад Жаргал өмгөөлөгчийн утасны дугаарыг аваад ярьсан чинь та юу яриад байгаа юм бэ. Юун хохирлын мөнгө нэхээд байгаа юм бэ. Битгий олон юм яриад бай гэж намайг загнаад утсаа тасдаад байсан. Та өөрөө охиныхоо биеийг үнэлүүлж мөнгө авдаг юм биш үү гэж доромжлохоор нь би шүүхэд хандаж хүсэлт гаргасан юм. Би хүүхдээ маш их эрж хайсан, манай хүүхэд эмчилгээ хийлгэсэн төлбөр болон сэтгэл санааны хохирол зэргийг оролцуулаад нийт 3 сая төгрөг нэхэмжилж байна.” Гэв. Энэ мэтээр хохирогчид ээлж дараалан мэдүүлэгийг тодорхой өгчээ.
Ийнхүү шүүхээс хэргийг гардан зохион байгуулсан Б.Баатарсүрэнд чанга дэглэмтэй хорих ангид 3 жил зургаан сарын ял оноосон бол Д.Ганболдод мөн чанга дэглэмтэй хорих ангид гурван жил хоригдох ял оноож, Д.Эрдэнэчулуунд захиргааны хариуцлага тооцжээ. Энэ хэрэг жил гаруй хугацаанд шалгагдсан бөгөөд шүүхийн шийдвэр гараад хоёр жил болж байгаа юм байна. Харин жилийн дараа ялтан этгээдүүдийн хоригдох хугацаа дуусгавар болох юм байна.
О.Сайхан