Дүрвэгчдийг дэгээдсэн зураглаачийг шийтгэжээ

633

Дүрвэгчдийг дэгээдсэн зураглаачийг шийтгэжээ

 

БУДАПЕШТ. /ВВС/. Унгар-Сербийн хил орчимд дүрвэгчдийг өшиглөж, дэгээдэн унагаасан телевизийн зураглаачийг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр яллажээ.

Петра Ласло гэдэг зураглаач эмэгтэй бичлэг хийж байх үедээ бяцхан охин, хүү хоёрыг өшиглөж, дараа нь хүүхдээ тэврээд гүйж явсан эрэгтэйг дэгээдэж унагасан байна. 

Ласлогийн энэ үйлдлийг харуулсан дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсаны дараа  "N1TV” телевизийн сувгийн удирдлага түүнийг ажлаас нь халсан юм.

Зураглаач бүсгүй дараа нь уучлалт гуйж "цагаачид хил давж зугтахыг оролдох тэр үед би сандрахдаа ийм үйлдэл хийсэн” гэжээ.

Энэ хэргийн улмаас миний амьдрал "бүрэн нурсан" гэж тэрбээр ярьсан байна.

Унгарын прокурор Жолт Копац хэлэхдээ "хүмүүсийг гэмтэж бэртэхэд хүргэсэн түүний үйлдлийг хаацайлах ямар ч боломжгүй. Энэ бол амгалан тайван байдлыг зөрчсөн хэрэг мөн” гэв.

Өнгөрсөн зун Унгар улс дүрвэгчдийн хямралын халуун цэг болоод байсан юм. Серби болон Хорваттай залгаа хилийн дагуу өргөст хашлага барихыг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан үүрэг болгохоос өмнө бараг 400 мянган цагаач болон дүрвэгчид тус улсын нутгаар дамжин өнгөрсөн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>