93 тэрбумын 43 төслийг хасчээ

1400

93 тэрбумын 43 төслийг хасчээ Экспортыг дэмжих, им портыг орлох үйлдвэрлэлийн 888 төслөөс 145 төсөлд 170 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гараад байгаа тухай ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл дуулгалаа. Одоогоор хоёр тэрбум төгрөгөөс доош зээл хүссэн 20 гаруй төсөлд 24.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин хоёр тэрбум төгрөгөөс дээш зээл хүссэн төслүүдэд эхний ээлжинд 55 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгохоор баталсан гэнэ. Мөн 732 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай 133 төслийг судлах шатандаа явж буй аж. Харин 93 тэрбум төгрөгийн 43 төслийг буцаасан байна. Түүний хэлж буйгаар яг одоогийн байдлаар 145 төсөл бодитойгоор хэрэгжих нөхцөл хэдийнэ бүрджээ. Түүнчлэн нийт төслөөс хоёр тэрбум төгрөгөөс доош хэмжээний санхүүжилт шаардлагатай төслийг Хөдөлмөрийн яам руу шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, ҮХААЯ хоёр тэрбум төгрөгөөс дээш буюу 262 төслийг авч үлдсэн байна.

Засгийн газар энэ жил үйлдвэржилтэд зориулж нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон. Үүнийг арилжааны банкуудаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд таван жилийн хугацаатай, жилийн есөн хувийн хүүтэй олгохоос гадна, эхний нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Энэ зээлд хамрагдахаар нийт 1151 төсөл ирснээс хоёр нь хэт өндөр дүнтэй, 61 нь давхардсан учраас эхний ээлжинд 1088 төслийг сонгон авсан билээ. Үүнээс 131 нь экспортыг дэмжих, 757 нь импортыг орлох төсөл байсан бол, 200-г нь зориулалт бус төсөл хэмээн ангилаад байв. Эдгээр төслийн нийт өртөг нь 7.3 их наяд төгрөг хэдий ч төсөл санаачлагчдын зүгээс 4.2 их наяд төгрөгийн зээл хүссэн.

Үүнийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй тул 888 төслийг дахин шигшсэн нь энэ аж. Уг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Эхний ээлжинд шалгарсан 888 төслийг арилжааны банк руу холбогдох газраас явуулна. Төсөл санаачлагчид өөрийн харилцдаг арилжааны банкууд дээр төслөө хамгаалах хэрэгтэй. 888 төслийн тал хувьд нь зээл олгох бололцоотой” хэмээн мэдэгдэж байв. Гэвч шалгарсан төслүүд арилжааны банкуудын "босго” давж чадалгүй унасаар байгаа тухай гомдол одоог хүртэл холбогдох газруудаас салахгүй байгаа юм. Учир нь үйлдвэрлэгчдийн хувьд энэхүү 888 төслийн санхүүжилт арилжааны банкин дээр очоод, банкны шалгуур давахгүй унахаар байгааг мөн л энэ удаа учирлав. Ямар нэгэн байдлаар төслөө муу боловсруулсан, эсвэл тооцоо судалгаа муутай гэхээсээ илүү ердөө барьцаа хөрөнгийн улмаас хүндрэлд орж буй ажээ.

Түүнчлэн тус төслийн явц ил тод бус байгааг ч үйлдвэрлэгчид шүүмжилсэн. Үнэндээ төсөл санаачлагчдын зүгээс гарч буй тус шүүмжлэл эхний удаа биш юм. Өмнө нь тэдний энэ хариу нэхсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Ер нь энэ 888 төсөл юу болж байгааг долоо хоног бүр шинэчлэн мэдээллэж байя. "Санхүүжилтээ ав-сан”, "Судлагдаж байгаа” гэхмэтчилэн төслүүдийн ард нэмэлт мэдээлэл өгөх мая гаар ил, тод байдлыг нэмэгдүүлж болно. Энэ талаар тодорхой арга хэмжээ авахыг Н.Мөнхбат захирал үүрэг болгоно” хэмээсэн. Гэвч одоог хүртэл үйлдвэрлэгчид эрт шийдэгдчих байсан хуучин цагийн гомдлоо тээсээр л байна. Үүнээс гадна жил орчмын өмнө 850 сая төгрөг шаардлагатай байсан төсөлд өдгөө валютын ханшийн нөлөөллөөр сая гаруй төгрөг шаардах тооцоо гарч буй аж. Гэтэл арилжааны банкууд "Анх төсөлд туссан хэмжээнээс нэмсэн байна” гэсэн тайлбар хэлж буцаах тохиолдол ч гарч байгаа тухай хэлж байв. Тиймээс үйлдвэрлэгчдийн зүгээс өчигдөр ҮХАА-н яаман дээр "Тухайн хийж буй бизнесээ барьцаалж, зээл авч болдоггүй юм уу” гэх зэрэг асуултад хариулт хайж ирсэн аж. Харин Засгийн газрын зүгээс барьцаа хөрөнгөний гацааг арилгах үүднээс Зээлийн батлан даалтын сангийн механизмыг нэвтрүүлэхээр судалж байгаа гэнэ.

Тэгвэл "Ирвэс интертрэд” компанийн захирал Л.Төгсжаргал "Хоёр тэрбумаас доош үнийн дүнтэй төслийг хөдөлмөрийн яаманд шилжүүлсэн гэж байна. Манай төслийг Хөдөлмөрийн яаманд шилжүүлнэ гэж бодоогүй. Би энэ тухай өнөөдөр л мэдлээ. Хөдөлмөрийн яам бол өрхийн орлого багатай жижиг үйлдвэрийг л дэмжинэ. Түүнээс биш нийгмийн, хөдөө аж ахуйтай холбоотой зүйлийг шийдэж чадахгүй. Манай төсөл бол мал аж ахуйгаас гарсан хаягдлыг боловсруулж, ялзмагжсан хөрсийг гаргаж авах, хөрсний бохирдлыг цэвэршүүлэх, ургацыг органик аргаар ургуулах, эрүүл бэлчээрийг нэмэгдүүлэх зорилго бүхий юм. Бид энэ технологийн үйлдвэрийг 15 жил өөрсдийнхөө хөрөнгөөр ажилуулж ирсэн” гэв.

Тус төсөлд нэг тэрбум 900 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Үүнээс 700 сая төгрөгийг өөрсдөө гаргаж, үлдсэн хөрөнгийг зээлд хамруулах хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч хөдөө аж, ахуйн салбартай холбоотой төсөл ирүүлж байхад Хөдөлмөрийн яам руу явуулж байна гэдэг төрийн байгууллагын уялдаа холбоо муутайн илрэл хэмээн шүүмжлэв. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "Сүүн шим хоршоо” компанийн захирал Р.Батжаргал "Малын буян” төсөл боловсруулсан нь "888”-д шалгарсан боловч яг одоогийн байдлаар ямар банкинд хандахаа мэдэхгүй байгаа гэнэ. Арилжааны найман банкаар төслийн санхүүжилт олгож байгаа боловч орон нутагт үүнийг шийдээд өгөх боломж байдаггүй ажээ.

Тиймээс Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь банкны салбаруудын хаалгыг татсан боловч тусыг эс олон аж. Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдрөөс хойш арилжааны банкууд төсөлтэй танилцахгүй байгаа гэсэн гомдол гарсан байна. Энэ талаар дэд сайд Б.Цогтгэрэл "Эдийн засгийн хөгжлийн сайдтай төслийн талаар уулзсан. Арилжааны банкууд яамдууд дахин гэрээ хийх ямар ч шаардлагагүй. Харин судлаад арилжааны банкнаас дэмжлэг авах эсэх нь тусдаа зүйл. Түүнчлэн наймдугаар сарын 30-наас хойш ямар нэгэн төсөлтэй холбоотой материал хүлээж авахгүй гэдэг бол үндэслэлгүй” хэмээн тайлбарлав. Мөн үйлдвэрлэгчдэд хандан тэр-бээр санхүүгийн зах зээ лээс хөрөнгө босгох боломж байдаг тухай ч дуулгаж амжлаа.

 

М.Энхцэцэг

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>