БАГШ, СУРАГЧДЫГ ГАР УТАС АШИГЛАХЫГ ХОРИГЛОЛОО
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн үеэр багш, сурагчдыг гар утас ашиглахыг хориглосон тушаал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд гаргажээ. Уг тушаал ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм байна. Одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад албан тоот хүргүүлээд байгаа гэдгийг тус яамны хэвлэлийн ажилтан хэллээ.
Өмнө нь, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас үүнтэй ижил тогтоол гаргаж дүүргийнхээ хэмжээнд ЕБС-ын сурагчдыг ухаалаг утас хэрэглэхийг хориглож байсан билээ.
Мөн хотын дарга Су.Батболд ч саяхан сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хэрхэн зохицуулах тухай олон нийтийн саналыг твиттерээр дамжуулан авсан юм. Бага насны хүүхэд гэлтгүй бүх хүний эрүүл мэндэд гар утас, компьютер хортойгоор нөлөөлж буйг сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаанууд тодорхой харуулж буй. Тухайлбал судалгаагаар ухаалаг утас нь хүүхдийн сурлага, анхаарлаа төвлөрүүлэх чадварт муугаар нөлөөлж, дүнг эрс муутгаж, буйг хөгжилтэй орнууд аль хэдий нь тогтоосон.
Гэхдээ гар утас хориглох болсон шалтгаан нь зөвхөн хүүхдийн сурлага хүмүүжил төдийгүй эрүүл мэндтэй нь ч холбоотой гэдгийг албаныхан онцолж байна. Ухаалаг утас, компьютер, таблетын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нүдний дижитал ачаалал хэмээх орчин үеийн хүмүүст ихээхэн тусч буй шинэ өвчний тохиолдол нэмэгдэж байгаа аж.
Монголын мэдээ