Эхо шинжилгээгээр илэрсэн тархины уйланхай хэр аюултай вэ?

1673

Эхо шинжилгээгээр илэрсэн тархины уйланхай хэр аюултай вэ?Ураг болон нярайн тархины эхо шинжилгээгээр уйланхай (cyst/киста) оношлогдох нь тийм ч ховор биш. Уйланхай гэдэг нь дотроо шингэн агуулсан маш жижиг бөмбөлөг юм. Анагаах ухаанд ураг, нярайн тархины эхо шинжилгээ нэвтрээд 30 гаруйхан жил өнгөрч байгаа тул энэ шинжилгээгээр илэрдэг олон арван өөрчлөлтийн шалтгаан, эмгэг жам, тавилан бүрэн тодорохой болоогүй байна. Үүний нэг нь уйланхай боловч дийлэнхидээ хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөггүй, ямар нэг шинж тэмдэг өгдөггүй. Тархинд нилээд хэдэн төрлийн уйланхай оношлогддогоос 50% нь хажуугийн 2 ховдолд буюу тэдгээрийн артерийн судасны сүлжээнд байдаг. Зарим тохиолдолд 1 талын байх ба дийлэнхидээ 2 талд уйланхай оношлогддог. Хэмжээний хувьд ихэнх нь 2 - 8 мм байдаг.  Энэ уйланхай нь ямар нэг шинж тэмдэг өгдөггүй бөгөөд санамсаргүй оношлогддог, эмчилгээ шаардлага байдаггүй.
Маш ховор тохиолдолд тархинд хавдрын, халдварын, цус харвалтын шалтгаантай уйланхай үүснэ. Харин энэ үед эмнэлзүйн шинж тэмдэг заавал илэрнэ. Жишээлбэл: эд эрхтэний гаж хөгжил, халууралт, биеийн жингээ хангалттай сайн нэмэхгүй байх, таталт, толгой хэвийн хэмжээнээс илүү томрох, сэтгэц оюун хөгжил саатах (толгойгоо даахгүй, ганганаж гунганахгүй, инээхгүй), сохрол гэх мэт.

Иймд тархины эхо шинжилгээгээр уйланхай оношлогдвол эмчид хандаж дээрх шинж тэмдгүүд бий эсэхийг заавал үзүүлнэ. Хэрвээ эмчийн асуумж, үзлэгээр ямар нэг шинж тэмдэг илрэхгүй, хүүхдийн бие бялдар, сэтгэц оюун, булчингийн хөгжил хэвийн байвал тархины уйланхайг аюулгүй гэж үзнэ. Ийм хүүхдэд ямар нэг эмчилгээ шаардлагагүй, товлолын дагуу дархлаажуулахыг зөвлөдөг. Дүрс оношлогооны эмчийн зөвлөсний дагуу тархины эхо шинжилгээг давтан хийлгэж уйланхайн хэмжээ, шимэгдэлтийг хянах шаардлагатай. 
Харин тархины уйланхайтай хүүхдэд дээр дурдсан хавсарсан шинжүүд илэрвэл соронзон резонанст томографийн шинжилгээ (MRI) хийлгэх, мэдрэлийн болон мэдрэлийн мэс заслын эмчид илгээх арга хэмжээг авна.

Манай оронд тархины эхо шинжилгээгээр уйланхай оношлогдсон тохиолдолд цераксон хэмээх эмийг зөвлөх нь маш түгээмэл байна. Цераксон буюу олон улсын нэршил нь Citicoline-ийг тархины харвалт (тархины эдэд цус хурах, судасны цүлхэн хагарах эсвэл артери бөглөрсний улмаас цус хомсрох), тархины гэмтэл болон хавдар, хүнд бүтэлт, түүнчлэн тархи хөгшрөх буюу өндөр настан ой санамжаа алдах, уймраа, салга болох үед зарим улс оронд хэрэглэх тохиолдол байдаг ч үр дүнтэй болох нь нотлогдоогүй юм (The Lancet, Volume 380, No. 9839, p349-357, 28 July 2012). Цераксон нь тархины уйланхайг шимэгдүүлэх ямар нэг үйлдэлгүй болно.

Жич: The Lancet нь 1823 оноос эхлэн хэвлэгдэж буй анагаах ухааны хамгийн эртний, дэлхийн хамгийн нэр хүнд бүхий сэтгүүл бөгөөд Лондон, Нью Иорк, Бээжинд оффистой, зөвхөн хамгийн өндөр нотолгоог хэвлэдэгээрээ алдартай сэтгүүл юм. Иймдээ ч 2014 оны байдлаар дэлхий дээр хэвлэгддэг дотрын анагаах ухааны 150 сэтгүүлээс 2-рт эрэмбэлэгдсэн байна.

 Эхсурвалж:Navchaa Tovuu

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>